Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг түлхэн унагасан “Хаяат Тахрир аль Шам” босогчдын бүлэглэлийн дайчид Башар Ассадын төрж өссөн Кардаха хот дахь түүний эцгийн бунханг шатаасан байна.
Сирийн баруун хойд хэсгийн эргийн бүсийн Латакиа мужийн Кардаха хот дахь Башар Ассадын эцэг, Сирийн ерөнхийлөгч агсан Хафез аль-Ассадын бунханг босогч дайчид эвдэн шатааж, ойр орчимд нь бичлэг хийснийг Британийн BBC агентлаг батлан мэдээлээд байна.
Ерөнхийлөгч агсан Хафез болон түүний хүү Башар нарын хөшөө, дурсгалыг мөн Сирийн ард иргэд нурааж унагаад байгаа юм.
Ассадын гэр бүлийн 54 жил үргэлжилсэн, удам дамжин Сирийг удирдсан дэглэмийг Сирийн “Хаяат Тахрир аль Шам” босогчдын бүлэглэл түлхэн унагаж, улмаар ерөнхийлөгч Башар аль-Ассад ОХУ руу эхнэр гурван хүүхдийн хамт зугтаж, улс төрийн орогнол хүсэж, Москва ч зөвшөөрөөд байгаа.
Энэ үеэр мөн Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменей Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм нуран унасан явдалд АНУ болон Израил улсуудыг буруутгаад байгаа бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Вашингтоны зүгээс олон нийтийн итгэлийг хүлээсэн, хууль ёсны засгийн газар байгуулагдсан нөхцөлд Сири улсын ирээдүйн засгийн газрыг хүлээн зөвшөөрч, дэмжин ажиллахад бэлэн байна” гэдгээ хэлсэн байна..
Сирийн босогчдын “Хаяат Тахрир аль Шам” бүлэглэлийн зүгээс шилжилтийн засгийн газрын тэргүүнээр босогчдын хөдөлгөөний хуучин удирдагч Мохаммед аль-Баширыг 2025 оны 3 сар хүртэл тавьж байгаагаа мөн зарлан мэдэгдээд байгаа билээ.

