2026 онд дэлгэцнээ гарахаар тов нь зарлагдаж, жүжигчдийн багтаа олон одуудыг багтаагаад байгаа найруулагч Сэр Кристофер Ноланы ээлжит шинэ уран бүтээлийн талаар Universal Pictures кино компани энэ долоо хоногт албан ёсны мэдээлэл хийлээ.
Уг мэдэгдэлд онцолсноор Оскарын шагналт найруулагч Кристофер Нолан эртний Грекийн суут зохиолч Гомерын алдарт “Одиссей” туулиас сэдэвлэсэн кино бүтээж байгаа гэнэ.
Трой хотын дайны дараа Одиссей баатрын гэрээ зорьсон, 10 жил үргэлжилсэн урт удаан аяллын тухай өгүүлсэн уг туулийг манай эриний өмнөх 750-650 оны хооронд бичигдсэн гэж үздэг, өнөө үе хүртэл уламжлагдан ирсэн барууны соёл иргэншлийн хамгийн эртний зохиолд тооцогддог юм.
Universal Pictures кино компанийн X хуудсандаа даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд “Кристофер Ноланы шинэ киноны зураг авалт дэлхийн өнцөг булан бүрт цоо шинэ IMAX технологиор явагдах болно” гэдгийг онцолсон байна.
Кристофер Нолан шинэ бүтээлдээ алдарт жүжигчин Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Зендеяа, Люпита Н’ьонго, Роберт Паттинсон, Шарлиз Терон зэрэг Холливудын одуудыг тоглуулахаар болоод байгаа бөгөөд киноны зураг авалт 2025 оны эхний хагас жилдээ багтан эхлэх бол 2026 оны 7 сарын 17-ны өдөр зөвхөн IMAX форматын кино театруудаар нээхээр төлөвлөжээ.