horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Монгол хүний ажлыг булааж, харийн хүнд өгнө

post-img

ХЭДС-гийн үр дүн хаана байна вэ?

61 тэрбум 887 сая төгрөг. Энэ бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2024 онд зарцуулсан мөнгө. Мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд зарцуулсан мөнгөө харвал өдийд бид гадаадаас ажиллах хүч оруулж ирэх тухай биш, гадаадад урилгаар ажиллахаар цувж байгаа залуусаа яаж авч үлдэх тухай ярьж байх учиртай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдэлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС) гэж бий. Энэ сангийн төсвийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий (ХХҮЕГ) газар төвлөрүүлэн зарцуулдаг. Тус сан 2023 онд 9 тэрбум 957 сая төгрөг төсөвлөж, 81 тэрбум 320 сая төгрөг зарцуулан, төсвөө 9 дахин хэтрүүлжээ. Тэгвэл 2024 онд 61 тэрбум 887 сая төгрөг зарцуулаад байна.

Үүнээс өмнөх он жилүүдийн мөнгөний тоог нь харвал, хооронд нь нэмбэл цочмоор их тоо гарна. Энэ мөнгөний үр дүн хаана байна вэ? Үр дүн гарсан бол өдийд Засгийн Газар, аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч яаж авах тухайд тархиа гашилгахгүй байлаа. Арга ядахдаа л нэгэн зэрэг 2 хуулийн төсөл өргөн бариулж, 1-ийг нь буцаан татах замаар олон нийтийг тайвшруулаад, нөгөөг нь араар нь өргөн барьж байх вэ дээ. Гөлөг төөрүүлж байгаа юм шиг. Иймдээ тулж байгаа нь Засгийн Газрын өөрийнх нь хохь л доо.

ХЭДС-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэддэг. Засгийн Газар өөрөө гэсэн үг. 2022 онд “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-т 15.906 хүн хамруулж, тус сангаас 1 тэрбум 384 сая төгрөг зарцуулсан бол 24.353 залууг 1 тэрбум 247 сая төгрөгөөр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулжээ. “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 3.372 эмэгтэйг хамруулж, 618 сая төгрөг зориулсан байв. Тэд ажиллах хүчний хомсдолоос гарахад нэг их нэмэр болсонгүй.  

Монгол хүний ажлыг харийн хүнд өгсний төлбөр 1 сая 320 мянган төгрөг

Энэ оны эхний хагаст манай улсад гадаадын 15.600 иргэн ажиллав. Тухайн иргэнийг авчирсан аж ахуйн нэгж Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 нугалсантай тэнцэх төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр төлдөг. 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс 2025 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг. Гадаадын 1 ажилчин авирч, монгол хүний ажлын байрыг харийн хүнд өгснийхөө төлөө 1 сая 320 мянган төгрөг төлж байгаа юм. Шударга зарчим.

Монгол хүнийг ажилтай, чадвартай, гадаад хүнд ажлаа алддаггүй болгоход энэ мөнгийг зориулах ёстой. Үүнийг зориулалтаар нь зарцуулсан уу? Тэгсэн бол яагаад монгол хүн эх орондоо ажил олгогчдод гологдсон, гадаад хүнд ажлаа алдсан хэвээр байна вэ?   

Гадаад иргэдийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр (төгрөгөөр)

Хятад, узбек, туркүүдийг ажиллуулна 

Гадаадаас ажиллах хүч авчирч ажиллуулсан компаниуд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлдөг. Харин одоо 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 2026 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх 2 жилийн хугацаанд гадаадаас оруулж ирсэн ажилчнаас ажлын байрны төлбөр авахгүй болгох гэж байна. Энэ хугацаанд гадаадаас хэдэн ажилтан оруулж ирэх нь Засгийн Газар болон аж ахуйн нэгжүүдийн дурын асуудал болох аж. Энэ л нотой.

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3%, үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэл байж болно” гэж заасан. Үүгээр бол гадаадаас 105.142 хүн оруулж ирж болно. Тэр дундаа Турк, Хятад, Укбекистан гэх мэт аль нэг улсаас хамгийн дээд тал нь 35 мянган ажилчин авчрах боломжтой. Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээгээр 2024 оны 12 дугаар сарын 5-ны байдлаар Монгол Улсад гадаадын 132 улсын 32.543 иргэн оршин сууж байв. Тэгэхээр 72 мянга гаруй ажилчин гадаадаас авч болох нь. Тэр дундаа БНХАУ-аас 17.151 ажилчин урих эрхтэй. Одоо байгаа 17.849-тэйгээ нийлээд тэд 35 мянга болох юм.

Манай улс Хятад, Киргиз, Узбекистан, Туркээс л ажиллах хүчээ авч таарна. Евразийн эдийн засгийн холбоотой Засгийн Газар сүүлийн үед сүрхий сүжрэх болсны нэг учиг нь үүнтэй холбогдож байна. Европ, Азийн барилгын салбарын ажиллах хүчний зах зээл дээр узбек, туркүүд давамгайлах болжээ. Манай улс ч тэр салхинд туугдах нь эргэлзээгүй.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталбал ажил олгогчид ХЭДС-д 1 ч төгрөг төлөхгүй. Энэ завшааныг тэд тултал ашиглах нь гарцаагүй. Гадаад ажилчныг ажлын байран дээр нь байрлуулан, амралтгүй ажиллуулах нь маш ашигтай байдгийг ажил олгогчид ярьж байна. Монгол ажилчид шиг бямба, нямд амрахгүй. Нэг өдрийн ажлаа 8 цагаар хязгаарлахгүй. Тиймээс тэдний ажлын бүтээмж монгол хүнийхээс хавьгүй илүү. Үүнд ажил олгогчид дуртай. Ажил таслахгүй, чөлөө авахгүй, архи уухгүйд нь бүүр ч дуртай.

2025 оны 4 дүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 729 мянган төгрөг болгоно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаад ажилчин бүрээс сар бүр тушаах 1 сая 458 мянган төгрөг байхгүй болно. Монгол хүний ажлыг харийн хүнд өгснийхөө хариуцлагыг Засгийн Газар ч, аж ахуйн нэгжүүд ч хүлээхгүй нь дээ.

0/1000