horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Хүний амь аврагчдад зам тавьж өгье

post-img

Манай улсад яаралтай тусламжийн үйлчилгээ хөгжөөд нэлээдгүй жилийг ардаа үджээ. Хоногийн 24 цагийг хүний амь аврах энэрэнгүй үйлсэд зориулж, нойр хоолоо хасан зүтгэдэг тэдний хичээл зүтгэл, авьяас чадварыг юутай ч зүйрлэшгүй билээ.

Хүний зүрх зогссоноос хойш 5 минутын дотор сэхээн амьдруулах боломжтой байдаг. Үүнийг хийж чаддаг хүмүүсийн нэг нь түргэн тусламжийн эмч нар. Яаралтай тусламжийн төв байхгүй бол 5 минутад хэн амжиж очин, эрдэнэт хүмүүний алтан амийг аврах, эрсдэлтэй мөчтэй нүүр тулах билээ. Ингээд бодохоор яаралтай тусламжийг “Амь тэмцсэн үеийн анагаах ухаан” гэж нэрлэдэг нь зүйн хэрэг юм.

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг. Хүмүүний амийг аварч, өвчнийг анагаагч нь эмч, эмнэлгийн ажилтнууд гэдэгт бүгд санал нийлнэ. Тэр дундаа яаралтай түргэн тусламжийн эмч нараас өвчтөн аврагдах, амьдрах боломжтой эсэх нь шалтгаалдаг юм.


Зүрх зогссоноос хойш 5 минутын дотор тусламж үзүүлбэл аврагдах боломжтой байдаг ч манай улсад 5 минутад амжиж очих ямар ч боломж байхгүй.


Манай улсын хүн амын нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчин, осол гэмтэл эзэлдэг. “Хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн үед яаралтай тусламж үзүүлэх нь хамгаас чухал. Гэвч хүний зүрх зогссон гэх дуудлага аваад, 5 минутад амжиж очих боломж байдаггүй” гэж Яаралтай тусламжийн төвийн эмч нар хэлж байсан юм.


Яаралтай тусламжийн төвийн их эмч Ц.Отгонбаяр
“Дуудлага аваад маш хурдан очих гэж хичээдэг. Нэг ч гэсэн хүний амийг аврах юм сан гэж л бодно шүү дээ. Гэвч манай улсын замын хөдөлгөөн ямар байгаа билээ. Нэг дуудлагад очиход, дор хаяж 20 минут болно. Урсгал сөрж явахыг зөвшөөрдөг ч урдаас ирж яваа машинууд зам тавьж өгөх гэж бөөн юм болдог. Түгжрэл, хаяг тодорхой бус байх, жолооч нарын соёлгүй зангаас болоод яаралтай очих ёстой дуудлагад хугацаа алддаг. Зүрх зогссоны дараа 5 минутад бол яагаад ч очиж амждаггүй” гэлээ.


Тусгай дуут дохио ажиллуулж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх дүрэм бий


Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлд “Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулж, автомашин, мотоцикл болон тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед бусад тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөн, чөлөөтэй зорчих боломжийг хангана” гэж заасан байдаг. Түргэн тусламж, цэрэг, цагдаа, онцгой байдлын албаныхан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэхдээ машиныхаа дуут дохиог ажиллуулдаг. Түүнд бусад жолооч зам тавьж өгөх ёстой.
Хуультай улсын дүрэмгүй иргэд гэж ярьдаг даа. Үнэнээс нэг их хол зөрөөгүй үг. Дутуу төрсөн нярайн амийг аврахаар яарч явсан эмчийг дүрэмгүй жолооч осолдуулж, эрүүл мэндэд нь халдлаа. Азаар аминаас холуур осол ч гэсэн ард иргэдийн эрүүл энхийн манаанд зогсдог алтан гарт эмч эмнэлгийн орон дээр хэвтэж байна.


2024.12.29-ний өдөр 103-т нэгэн эмэгтэй гэртээ амаржсан тухай дуудлага иржээ. Яаралтай тусламжийн эмчийг очиход, эх дутуу амаржиж, хүүхэд нь сулхан амьсгалж байжээ. Эмнэлэгт яаралтай аваачихгүй бол тэр хүүхэд хүн болохгүй байсан аж. Эмч хүүхдийг авч, эмнэлгийн зүг нэн даруй хөдөлсөн бөгөөд жолооч дуут дохиогоо асаан, урсгал сөрж явтал нэг жолооч зам тавьж өгсөнгүй. Ингээд осол гарчээ. Бүтэлттэй төрсөн нярайд түргэний машин дотроо тусламж үзүүлж явсан эмч уг ослын үеэр хүүхдийг хамгаалан, өөрөө тархиндаа хүнд гэмтэл авсан байна.

103-ын машинд зам тавьж өгөлгүй, мөргөсөн жолооч жолооныхоо ард утсаараа оролдож явсан гэнэ.
Дүрмээрээ биш, дураараа явдаг, ухамсаргүй жолооч нараас болоод эмч, жолооч, онцгой байдлын ажилтан, цагдаа нар хохирох аюул маш өндөр байна.


Дуут дохио асаачхаад, хувийн ажлаа амжуулж явдаг хүмүүсийн буруугаас болоод, жолооч нар түргэн тусламжийн машинд зам тавьж өгөх дургүй болсон


Түргэн тусламжийн машинаар гэр лүүгээ айраг зөөж явсан нэгэн жолоочийн бичлэг цахим орчинд цацагдсан. Албаны машинаар хувийн ажлаа амжуулдаг хүн мэр сэр бий. Дарга нар хүртэл албаны машинаар хүүхдээ цэцэрлэг, сургууль руу зөөдөг. Тийм олон бичлэг цахим орчинд цацагдаж, шуугиан тарьсан. Түүнээс үүдэн хүмүүс “Дуут дохио асаачхаад, хувийн ажлаа амжуулдаг” гэж дургүйцэн, дуут дохио хангинуулсан машинд зам тавьж өгөхөөс татгалздаг болсон. “1 үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргино” гэж энэ. Ухамсаргүй цөөн хүнээс болоод, тухайн салбарынхан нийтээрээ хэлмэгддэг.


Иргэн Ц “Түргэн тусламжийн машинд зам тавьж өгдөг. Хааяа би өөрөө яаралтай ажилтай үедээ уурлах, урдуур нь дайрах үйлдэл нэг биш удаа гаргаж л байсан. Гэхдээ аль болох зам тавьж, хурдан явуулахыг л боддог. Түргэний машинаар айраг зөөж байгаа бичлэг харснаас хойш дургүй хүрээд байдаг болсон” гэж ярив.
Иргэн А “Дүрмээ дагавал зам тавьж өгөх ёстой шүү дээ. Нэг ч гэсэн хүний амийг аврах гээд явж байхад, урдуур нь орж гай болоод яах вэ дээ. Хэчнээн ажилтай байсан ч хүний амь аврах гээд явж байгаа хүмүүст зам тавьж өгөх ёстой. Харин албаны машинаар хувийн ажлаа амжуулдаг хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.

Түргэн тусламжийн машин дотор таны гэр бүл, төрөл садан байхыг үгүйсгэх аргагүй. Хүний амь юунаас ч илүү үнэ цэнтэй. Дуут дохио асаан, хэн нэгний амь, эх орон, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж яваа эмч, цагдаа, онцгой байдал, цэргийн машинд зам тавьж өгөхийг уриалж байна.

0/1000