horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Газрын дуудлага худалдааны зарыг Газрын биржийн цахим системээр заавал мэдээлэх үүрэгтэй

post-img

Нэгэн засаг дарга ЗДТТ-ын фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт газар дуудлага худалдаагаар зарах зар тавьж, Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлжээ. У дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэгэн иргэн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан Газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу мэдээлдэг байснаа мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, фэйсбүүк хаягт байршуулсан гэх зар нь хожим өөрчлөгдсөн, миний дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” хэмээн үзэж, уг дуудлага худалдааг илт хууль бус гэдгийг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг дуудлага худалдааг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ тайлбарлаагүй, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч үүнийг эсэргүүцэн, УДШ-д хандсан аж.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2024.12.23-нд түүний гомдлыг хянан хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргалаа.

1. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.1-т “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр” гэж, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж, 7.1.3-т “Газрын биржийн цахим системээр” гэж тус тус заасны дагуу дуудлага худалдааны зарыг зэрэгцээ 3 хэлбэрээр нийтэд мэдээлэх шаардлагатай.

2. Хариуцагч засаг дарга нь дуудлага худалдааны зарыг Газрын биржийн цахим системээр мэдээлэх журмыг зөрчиж, улмаар дуудлага худалдаанд зайлшгүй баримтлах нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимд нийцээгүй дуудлага худалдаа зохион байгуулсныг Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа гэж үзэхгүй. Иймд гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус болно.

3. Нэхэмжлэгч нэгэнт дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж маргаж буй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Учир нь энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т заасан “…шийдвэрийг мэдэгдсэнээс хойш…” гэх нөхцөлийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг зүй бусаар хязгаарлахаар байгааг анхаарах нь зүйтэй.

0/1000