horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хувьчилж чаддаггүй, ажиллуулж ч дөнгөдөггүй компаниуд

post-img

Үе үеийн сайд нарын зүрхэнд орсон олон ажил бий. Түүний нэг нь хувьчлал. 2010-2012 онд Багануур, Дулааны 3-р цахилгаан станц, “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто-Импекс, Монголын цахилгаан холбоо, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Диспетчерийн үндэсний төв, Монголын төмөр зам, Шивээ-Овоо, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлахаар жагсаалт гаргасан ч чадаагүй. 2015-2016 онд 15 аж ахуйн нэгж жагсаагаад, дөнгөсөнгүй. 2022-2023 онд 25 хуулийн этгээд жагсаасан ч бас л барсангүй. Хэдийнэ 2025 он гарчихлаа.

Хувьчлах аж ахуйн нэгжүүд:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;
  2. “Монголын цахилгаан холбоо” ХК​;
  3. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;​
  4. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​;
  5. “Үндэсний давхар даатгал” ХК​;
  6. “Баянчандмань-АЗЗА” ТӨХК​;
  7. “Налайх-АЗЗА” ТӨХК​;
  8. “Архангай-АЗЗА” ТӨХК;​
  9. “Багануур-АЗЗА” ТӨХК;​
  10. “Булган-АЗЗА” ТӨХК;​
  11. “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК; ​
  12. “Дархан-АЗЗА” ТӨХК​;
  13. “Дорноговь-АЗЗА” ТӨХК;  ​
  14. “Завхан-АЗЗА” ТӨХК​;
  15. “Орхон-АЗЗА” ТӨХК​;
  16. “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​;
  17. “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;​
  18. “Талын зам” ТӨХК;
  19. “Төв-АЗЗА” ТӨХК​;
  20. “Увс-АЗЗА” ТӨХК; ​
  21. “Харгуй” ТӨХК​;
  22. “Хархорин-АЗЗА” ТӨХК;  ​
  23. “Ховд-АЗЗА” ТӨХК​;
  24. “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК​;
  25. “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

            Хувьчлах 25 аж ахуйн нэгжийн 20 нь АЗЗА-ын компани

Улсын хэмжээнд төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 12 компани үйл ажиллагаа явуулж, үндэсний автозамын сүлжээний нийт 112 мянган км замыг хариуцаж байна. Монгол Улсын нийт авто замын 15.9 мянган км нь улсын, 96.1 мянган км нь орон нутгийн чанартай. Тусгай зориулалтын 900-гаад км зам бий.

Төрийн өмчийн 20 компани улсын чанартай авто замын 9100 орчим км-ыг хариуцдаг. Бусдыг нь хувийн компаниуд арчилдаг. 2022 онд төрийн өмчийн замын компаниуд 42.58 тэрбум төгрөгийн зарлага гарган, 42.56 тэрбум төгрөгийн орлого олжээ. 4.9 тэрбум төгрөгийн авлагатай, 10.6 тэрбум төгрөгийн өртэй байлаа.

Авто зам засах, арчлахад зориулан, улсын төсөвт  жилд дунджаар 24 тэрбум төгрөг тусгадаг. Үүнийг төрийн өмчийн 20 компанид хуваан өгдөг. Эдгээр компани Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний дагуу ажилладаг ажээ. Үүний зэрэгцээ орон нутгийнхаа тендерт өрсөлдөн, ажил, үйлчилгээг нь гүйцэтгэж, жилдээ нийлээд 13-14 тэрбум төгрөг олдог юм байна.

 Нэг этгээдэд төрийн өмчит компанийн 5%-иас илүүг олгохгүй

1-1.5 тэрбум төгрөгийн активтай 20 жижиг компанийн хувьцааг сонирхох худалдан авагч олдохгүй байх эрсдэлтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.5-д “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заажээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэсэн байна.

Нэг этгээд дангаараа, эсвэл нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн 5%-иас илүү хувьцааг авах боломжгүй аж. Тиймээс Засгийн Газар АЗЗА-ын компаниудыг нэгтгэж, 1 компани болгосны дараа хувьчлахаар төлөвлөжээ. Хэрвээ төрийн өмчийн 20 компанийг 1 толгой компанийн доор нэгтгэвэл, 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болох юм. Үүний 34%-ийг авах сонирхогч олдох магадлал өндөр гэж ТӨБЗГ үзжээ. Үүний дагуу Засгийн Газар 2023.06.07-нд “Авто замын засвар, арчлалтын компаниудыг өөрчлөн зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол гарган, АЗЗА-ын компаниудыг нэгтгэж, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК болгосон юм.

Ингэснээр УИХ-ын 2022.04.29-ний “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” 6 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ.

Засгийн Газрын энэ шийдвэрийг Авто замын салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо эсэргүүцсэн. “Орон нутгийн 1 замыг засах зардлаа Улаанбаатарт байгаа компаниар шийдүүлэх гэсээр байтал зам дээрх нүх улам томорч, осол гарах эрсдэл улам нэмэгдэнэ” гэж тэд тайлбарлав. 1991 онд АЗЗА-ын компаниудыг нэгтгэн, нэгтгэл байгуулсан ч уудам газар нутгийг хэрсэн замыг 1 цэгээс удирдахад тохиромжгүй юм байна гэж үзээд, буцаан тараажээ.

              АЗЗА-ын компани бүр алдагдалтай ажилладаггүй

Хувийн 12 АЗЗА-ын компани байна. Үүнээс үзвэл зам засах, арчлах ажлыг заавал төр өөрөө хийх шаардлагагүй ажээ. Гэтэл төр тавьсан замаа өөрөө засахгүй бол тэр ажлыг хийх хувийн компани олддоггүй гэж Зам, тээврийн яамныхан тайлбарладаг гэнэ.

2023 онд алдагдалтай ажилласан компаниуд

                             (Алдагдал төгрөгөөр)

  1.  “Хөвсгөл АЗЗА” ХК 611.9 сая
  2. “Орхон АЗЗА” ТӨХК 510.4 сая
  3. “Налайх АЗЗА” ТӨХК 389.5 сая
  4. “Хархорин АЗЗА” ТӨХК 207.4 сая
  5. “Дархан АЗЗА” ТӨХК 199.6 сая
  6. “Баянчандмань АЗЗА” ТӨХК 125.2 сая
  7. “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК 63.1 сая
  8. “Говь-Алтай АЗЗА” ХК 49.5 сая
  9. “Завхан АЗЗА” ТӨХК 7.3 сая

АЗЗА-ын компани бүр алдагдалтай ажилладаггүй гэдгийг энэ жагсаалтаас харж болно. Төрийн өмчийн 20 компанийн 9 нь 2023 онд алдагдалд орсон бол “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК ашигтай ажиллаж, бусад 10 нь балансаа барьжээ.

Замын компаниудын зарлагыг ихэсгэдэг нэг хүчин зүйл нь ТУЗ. Төрийн өмчийн компани бүрт 9-11 хүнтэй ТУЗ бий. 20 компани дунджаар 180 хүний цалин, хурлын зардалд 600-гаад сая төгрөг зарцуулж иржээ. Тиймээс компаниудыг нэгтгэн, зөвхөн толгой компани болох “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-д 9 хүнтэй ТУЗ томилж, охин компаниудыг ТУЗ-гүй ажиллуулахаар Засгийн Газар шийдвэрлэсэн юм. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдээлснээс үзвэл бүтэц, АЗЗА-ын компаниудын зохион байгуулалтыг оновчтой болгосноор 300 гаруй сая төгрөг хэмнэх бол хөрөнгөө нэгдсэн удирдлагаар зарцуулснаар 1 тэрбум төгрөгийн зардал хэмнэх юм байна. Авто замын засвар арчлалтын нэгтгэл Төв аймагт байрлалтай. Байгуулагдаад 2 жил орчим болж байгаа ч 20 компаниа нэгтгэх ажил урагш муутай байна.

0/1000