Их Британийн Coldplay хамтлаг, Канадын дуучин Шон Мендес, Америкийн дуучин Биби Рекса зэрэг уран бүтээлчдийн олон нийтэд цацаж амжаагүй дуу хөгжмийг хулгайлж, зарж борлуулсан хакерыг баривчилж, хорих ял шийтгэл оноосон талаар Лондон хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Хамтлаг, дуучдын уран бүтээлийг хакердан хулгайлж, цахим орчинд зарж борлуулан, 42 мянган фунт стерлингийн ашиг олсон, Английн Лутон хотын оршин суугч, 22 настай хакер бүсгүй Скайлар Далзиелыг “бусдын уран бүтээлийг хувьдаа ашиг олох зорилгоор хулгайлж, цахим орчинд борлуулсан” хэргээр буруутгаж, оюуны өмчийн 11 зөрчил гаргасан гэж үзээд 21 сар хорих ял оноосон байна. Түүнд мөн 180 цаг нийгэмд тустай, цалингүй албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноожээ.
Скайлар Далзиел дээрх хамтлаг, уран бүтээлчдийн файлаа хадгалдаг үүлэн тооцоолуурын аккаунтууд руу хууль бусаар нэвтэрч, олон нийтэд цацаагүй байсан дуу хөгжмийг нь хулгайлан авч, dark web орчинд борлуулсан байна.
Дээрх аккаунтуудад гаднаас нэвтэрсэн талаар анх Sony Music Entertainment компани олж нээж , 2021 оны 6-р сард Олон улсын дуу бичлэгийн холбоонд гомдол мэдүүлснээр хэргийг мөрдөн шалгаж эхлэн, улмаар 2023 оны 1-р сарын 9-ний өдөр Скайлар Далзиелыг баривчилж, дотроо 291,941 ширхэг дуу агуулсан гурван ширхэг хард драйвыг нь нотлох баримт болгон хураан авчээ. Гэмт хэрэгтэн эмэгтэйг олон нийтэд цацагдаагүй 40 дууг хакердан авч, зарж борлуулсныг цагдаагийг газраас мэдэгджээ.