horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл

post-img

-Ардчилалд хүрсэн зам-Бодит түүх-

(1992/12/14-1992/12/18-ны өдрийн тэмдэглэл)

1992.12.14.

Хүн амын орлогын татварын хуулийг батлав. Бас л бантан боллоо. Хүн амын орлого өрхөд бүрддэг, өрхийн тэжээгдэгч гишүүний тоогоор уг өрх татварын хөнгөлөлт үздэг зарчим хуульд туссангүй. Мөн Үндсэн хуулийн дагуу албан татвар төлөхгүй байх хэсэгтэй болов. Ер нь хууль гэж бантан л боллоо. Хуулийг баталж буй газар – төрийн дээд байгууллага ард түмний итгэлээр ард түмэндээ сайн л бүтээгдэхүүн хийж өгөх учиртай. Хууль батлагдах хүртлээ хүний эрхшээлд байдаг, хууль батлагдсан хойноо хүнийг эрхшээлдээ оруулдгийг хууль тогтоох байгууллага, түүний гишүүд ойлгохгүй юм бол хэн ойлгох вэ дээ. Парламентын гишүүн хүн л жинхэнэ утгаар дээрх нэр хүндтэй ажлыг хэрэгжүүлэгч ганц эрх дархтан шүү дээ. Гэхдээ парламентын нэг онцлог нь нэг хүн хууль тогтоодоггүйд л байгаа юм. Мөн ААН-н нэгжийн татварын хуулийн редакцыг хэлэлцэж батлав. Мөн 12 дугаар сарын 4-ний өдөр алтны асуудлаар гаргасан Их хурлын тогтоолын редакцыг оройн хуралдаанаар баталлаа. Зарим хүмүүс редакц батлагдаж бүх асуудал тодорхой болсон үед хурал орхиж байгаа нь мэдэгдэхгүй гарч явцгаав. Төрийн бодлогыг тодорхойлж, төр ажлаа хийж байхад нарстай өдөр цув нөмөрч сүржигнэдэг хүмүүс шиг хортой юм байдаггүй аж. 1992.12.15. Гаалийн хуульд өөрч лөлт оруулах асуудлыг авч хэлэлцлээ. Уг асуудал дэндүү түүхий байсан учир УИХ-ын хуралдаанаар хуул боловсруулах ажил хийв. УИХ-ын ерөөс цорын ганц бөгөө үндсэн ажил нь хууль тогтоох ажил шүү дээ. Ер нь иймэрхүү түүхий асуудал УИХ-д ор ирэх нь гайхал төрүүлдэггүй зүйлийн нэг болчихоод байна. Үүний гол сэжүүр нь УИХ өөр үйл явцаас хоцорсон дэндүү хуучинсаг хэт олонход автсан юм. Ийм эзэнд мөн ийм л албат заяадаг аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ажлын аппарат боло Тамгын газрын бүрэлдэхүүн УИХ-аас даанч ялгарч чадахгү байна. – Урагшгүй эзэнд ууцгүй албат гэгч л манай төрд бий боллоо. Бие дааж, бүтээлч, шинэ арга барилаар ажилладаг олон хүн УИХ-ын Тамгы газраас дайжлаа. Тэдний дайжсаны гол шалтгааныг Тамгын газрын зарим түшмэд “цалин бага байна” гэдгээр тайлбарлаж байгаа ч хамгийн гол үзэл баримтлалын зөрүүгээс бүтээлч ажил хийх боломжгүйгээс болж байгааг ойлгох ч хүсэл алга. Иймээс л шинэ тутам хэт хуучинсаг У маань хуулиа боловсруулах хэлэлцэх, батлах бүх л ажлыг хийж байна. Бантан, хуурга хоёрыг нэг тогоонд зэрэг хийж чаддаг тогооч гэж байдаг л юм байх даа. Орой алтын тухай тогтоолын хойноос УИХ-ы нэр бүхий 10 гишүүн зарга мэдүүлснийг дарга зарлав. Юу ч гэж хэлэлтэй билээ дээ. Үнэхээр асуудалд зарчимч хандаж байгаа юм бол уг тогтоолыг өөрчлөх саналаа ном журмаар нь тавих ёстой.

1992.12.16.

Өдөр Бат-Үүл, Мөнхбаяр хоёртой цуг Минжүүр гуайтай очиж уулзлаа. Өвгөн баярлаад сүйд болов. Ийм хөгшчүүл олон бий. Эднийг л бид гомдоож болохгүй. Орой Болор цом 92 хэмээх найргийн наадмын шувтаргыг үзлээ. Урьд орой мөн л эхний шалгаруулалтыг нь үзсэн юм. Жилд заавал үзэх ёстой наадмын маань нэг гэж Болор цомыг би боддог юм. Энэ наадамд Бавуугийн Лхагвасүрэн “бяр” зааж түрүүлэв.

1992.12.17.

Гаалийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж батлав. Орой мөн л нууц хуралдаан хийх юм боллоо. Алттай заргалдсан 10 хүн тавьсан саналаа тайлбарлав. Үнэхээр эдгээр хүмүүс ийм л мундаг, уг асуудлын ач холбогдлыг тийм л айхтар ойлгож байсан юм бол уг асуудлыг хэлэлцэж байхад тогтоолын редакцыг нь батлах гэж байхад саналаа тайлбарлаж өнөөдөр гаргаж буй зангаа гаргаж болох байсан. Энэ 10 хүний нэг хэсэг яг тэр үед хурлаас бултсан, эсвэл ус балгасан юм шиг шийдвэр гарахыг харж суусан. Өнөөдрийн энэ хүмүүсийн ааш даанч ойлгогдсонгүй. Би ч тэсэлгүй үгээ хэлж л орхилоо. Ер нь намынхаа бүгд хурал дээр байгаа юм шиг л загнадаг болоод байна. Орой Жасрай Засгийн газраас цалин тэтгэвэр тэтгэмжийг ойролцоогоор 100 хувь нэмж буй тухайгаа мэдээлэв. 1991 оны 9 дүгээр сараас хойш жижиглэн худалдаалах барааны үнийг албан ёсоор 6 дахин нэмэгдсэнийг мэдээлж энэ хооронд цалин тэтгэвэр тэтгэмж дунджаар 70 хувь өссөн гэв. Одоо эргэлтэд 2.8 тэрбум төгрөг байгаа аж. Харин 17 сая төгрөгийн бүх металл мөнгө овоо, шүтээний газар цөөн тоогоор хоцорч бусад нь өнгөт металл байдлаар хил давжээ. Цалинг энэ сарын 20-нд 50 хувь, ирэх оны 2 дугаар сард 50 хувь нэмэх аж. Үүгээр Жасрай гуай коммунизмыг хадгалах явцынхаа эсэргүүцлийг намжаасаар амны ногоотой залгах бодолтой аж. Дахиад л юмны үнэ өсч төгрөгийн дэвсгэрт чадвараа алдах нь. Улс оронд сонгуулийн сүйрэл бол байхад хүмүүс түрийвчин дэх хэдэн борыгоо харж юу ч болоогүй мэт алхах нь нэн өрөвдөлтэй. Үүний адил алттай зарга мэдүүлж буй хүмүүс өнгөн дээрээ алтыг гаргаж болохгүй мэт ярьж байвч “алт гаргах нь зүйтэй” – Зэнээ, “зарчмын хувьд уг шийдвэр зөв” – Хурц – Засгийн газар 357 кг алт гаргах шийдвэр гарчихсан байсан энэ бол целуха” – Нямдорж гэх мэтээр номнож зогсоо нь бүр ч хөөрхийлөлтэй. Ингэж нэг улаан нүүрийг нэгэн агшинд хоёр өнгөөр будаж яахин болно.

1992.12.18.

Төсвийн хуулийн 2 дугаар хэлэлцүүлэг эхэллээ. Асуудлыг шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд УИХ нэг нүсэрдээд байна. Нүсэрдээд байгаагийн гол нь тэр бүр тоондоо ч биш, нэг загварын “бүхэл” хүмүүс хэт их жинтэй байгаад л асуудлын гол оршоод байна. Үндсэн хууль баталснаар тухайн үеийн улс төрийн ач холбогдлын хамгийн гол нь сонгогддог нэртэй хэлбэрийн, тоглоомын төрийн дээд байгууллага болсон АИХ-ыг Үндсэн хуулиар халс явдал байсан юм. Энэ бол ардчилсан хувьсгалын нэг чухал ололт гэж үзэж болно. Үнэн чанартаа Үндсэн хуулий Улсын бага хурал баталж АИХ арай муутган батлам өгсөн гэж хэлж болно. Гэтэл өнгөрөгч сонгуулиар дээрх ололт бүрмөсөн алдагдахад хүрчихээд байна. Уг нь хуучин зөвлөлтөд ЗХУКН мөхөж Ардын Их Хурал хуулиар халагдах МАХН үйл ажиллагаа явуулсан хэвээр байсан юм. АИХ-ы бүрэлдэхүүнд ардчилсан хүчнийхний эзэлж байсан хувь өнөөдөр УИХ-д ялимгүй баг тусчихаад ерөөсөө олон намын бүрэлдэхүүнтэй парламент гэсэн утга АИХ-тай зүйрлэж болохоор алдагдчихаад байгаа учир уг шалтгаанаар дээрх санаагаа би үндэслээд байгаа юм. Зөвхөн АИХ хоёрын сонгогдож бий болсон хэлбэр нь өөр юм. Гэхдээ УИХ нь Монгол дахь улс төрийн хүчний харьцааны бодит тусгал болж чадаагүйд бас л асуудлын зангилаа оршиж буй юм. Иймээс өнөөдрийн Монголын төрийн бодлого монголчуудын шинэ сонголттой зөрчилдөөд түүний хурдцаас хоцроод байна. Ийм нөхцөлд асуудлыг яаж шийдвэрлэдэг юм бол. Юу ч болов улс төрийн аргаар л шийдвэрлэж таарна. Үүнд нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт өгөх олон түмний хандлага, ардчилсан хүчнийхний шаарлагатай үед ачаа даах чадвартай болох хоёр л гол нөлөө үзүүлнэ. Ардчиллын үйл явц монголчуудын сэрж сэргэх үйл хэрэг “дутуу алсан могой” гэдэг шиг л эхэллээ. Монголчууд бид өөрийгөө засч гэрээ засч, төрөө засах гэсээр байтал гадаад ертөнц маань эзнийг нь оролцуулалгүй бидний явах тойргийг зурчихсан гэрт маань ороод ирэх вий!

Үргэлжлэл бий

0/1000