horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Гренландыг эзэмших тухай Д.Трампын мэдэгдэлд Герман, Франц улсууд хариу мэдэгдэл хийлээ

post-img

Энэ долоо хоногийн эхээр Д.Трампын хийсэн Панамын суваг болон Гренланд аралд АНУ-ын хяналтыг тогтоохын тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсгэхгүй хэмээн хэлсэн үгийн хариуд Герман, Франц улсууд анхааруулгын шинжтэй мэдэгдлийг хийгээд байна. Д.Трамп Гренланд арал болон Панамын сувгийг эзэмших хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа бөгөөд үүнийгээ Америкийн үндэсний аюулгүй байдлын онцгой чухал асуудал гэдгийг онцолсоор байгаа юм.

Эсрэгээрээ Панам улс, Дани улсын зүгээс газар нутгаа АНУ-д эзэмшүүлэх ямар ч боломжгүй гэдгийг мөн л удаа дараа илэрхийлсээр байна. Д.Трамп мөн хойд хөрш Канад улсыг АНУ-ын муж болгох тухай сэдвийг хөндөж, гарган тавьсан бол албан тушаалаа огцрохоор болсноо зарлаад байгаа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “ёстой горьдсоны чинь гарз” гэсэн утга бүхий хариу мэдэгдлийг хийсэн билээ.

Трампын Панамын суваг, Гренландыг эзэмших тухай дээрх мэдэгдэлтэй зэрэгцээд түүний хүү Дональд Трамп Жуниор Гренланд аралд зочлоод байгаа бөгөөд арлын нийслэл Нүүк хотод буухаасаа өмнө тэрээр “хувиараа нэг өдрийн аялал хийж яваа, албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ товлоогүй” гэдгээ мэдэгдсэн байна. Харин Трампын хүүг Гренландад ирж байгаатай холбогдуулан асуусан асуултанд Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Гренланд арал гренландчуудад л харьяалагдана, арлын ирээдүйг арлын хүн ам, уугуул оршин суугчид л шийдэх болно” хэмээн хариулжээ. Мөн ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Трампын эсрэг хийсэн мэдэгдэлдээ “жижиг улс, эсвэл хүчтэй их гүрэн байхаас үл хамараад дэлхийн улс орон бүр хилийн халдашгүй дархан байдлын үндэс суурин дээр оршин тогтнодог, НАТО бол бидний аюулгүй байдлын хамгийн гол чухал хэрэгсэл, трансатлантын харилцааны төв цэг юм” гэдгийг тодотгосон бол Францын Гадаад хэргийн сайд Жан Ноэл Барро “ЕХ өөрийн тусгаар улсуудын хил хязгаар луу өөр улс орнууд довтлохыг мэдээж хүлээн зөвшөөрнө гэж байхгүй, бид хэзээ ч зүгээр хараад суухгүй, бид үргэлж хүчин чадлаа нэмэгдүүлж, бэхжүүлсээр байх болно” хэмээн Inter радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

0/1000