horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Жагсаал, цуглаан бол дайн биш

post-img

Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулах “Засгийн газар огцор” нэртэй жагсаал маргааш болно. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татварын нэмэгдэл, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг эсэргүүцэж, чаддаг хүнд нь ажлаа өгөхийг тэд шаардах юм. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт алдагдаад удсан тул иргэд ийнхүү жагсах гэж буй юм. Гэвч Засгийн газрын тэргүүн эл жагсаалаас ихэд айж, хамгаалах элдэв арга хэмжээ авсаар байгаа.

“Босоо хөх Монгол” хөдөлгөөнийхөн болоогүй эл жагсаалыг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн. Мөн дээрх намын дарга Б.Цацралыг гадаадын иргэнээс даалгавар, заавар болон 500 мянган ам.долларын санхүүжилт авч жагсах гэж буй мэт агуулгатай аудио бичлэг цацсан. Дараа нь “Ардын хүүхдүүд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг хүн “Засгийн газраар ажлыг нь хийлгэе” гэдэг эсрэг жагсаал ч зохион байгуулав. Гэвч энэ бүхэн нь нэг их газар авсангүй. Удаад нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, “Уг жагсаалыг “Ачит ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, дүү Р.Саруул нар нь санхүүжүүлж байгаа” гэсэн билээ. Дээрх компанийн 34 хувийг төрд авах, үүсгэн байгуулагчийг нь шалгах зэрэг үйл явц ойрд өрнөж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулахаар санаархаж байна хэмээн Ерөнхий сайд үзэж буй аж. Тиймээс Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ийм тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргасан ч тэр бол Засгийн газрын гишүүн. Тэгэхээр Ерөнхий сайдын ээлжит “урьдчилсан сэргийлэх ажиллагаа” нь энэ болж байна.

Уг нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон жагсаал, цуглаан хийх эрхийг нь эдлүүлж, тавьж буй шаардлагыг нь сонсох хэмжээний зориг Ерөнхий сайдад байх ёстой. Зоригтой ажиллахаа тунхаглаад буй Засгийн газар юм сан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ өөрөө эсэргүүцэх жагсаал зохион байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулан, Ерөнхий сайд болох замаа зассан хүн. Тиймээс энэ удаагийн жагсаалаар дээрх явдал өөр дээр нь давтагдах магадлалтай хэмээн ийнхүү түргэн авч, хамгаалах элдэв хошин шогийн арга хэмжээ аваад байгаа бололтой. Уг нь утаа, түгжрэлийн эсрэг даацтай арга хэмжээ авах тухайд л анхаарах нь зүйд нийцэх баймаар. Гэхдээ ийм жагсаал болох тухай сарын өмнөөс мэдэгдсэн тул маргааш тэр хэлэх үгтэй зогсох учиртай. Тиймээс Засгийн газраас утаа, түгжрэлийг шийдэх шуурхай штаб байгуулж, “Ковид 19”-ийн үеийнх шиг идэвхтэй ажиллана гэж мэдэгдлээ. Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав. Энэ мэтээр бас ч гэж ажил хийгээд байна, хугацаа хэрэгтэй гэсэн тайлбар тавихаар бэлдсэн биз ээ. Уг нь тэрбээр 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Дөрвөн жил бол асуудлыг шийдэхэд хангалттай хугацаа. Гэвч тоймтой ажил хийгээгүй л байна.

Ямартай ч жагсаал болдгоороо болно хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдэж буй. Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал, гишүүн Э.Одбаяр нараас гадна АН-ын гишүүн Д.Монголхүү, Ц.Уянга нар уг жагсаалын гол зохион байгуулагч аж. Жагсаалд оролцохоор Ц.Уянга хилийн чанадаас иржээ. Засгийн газрын зүгээс хамгаалах ажиллагаагаа үргэлжлүүлэх нь мэдээж. Согтуу хүмүүс, хутган үймүүлэгчдийг дунд нь оруулах нэг хуучны арга бий. Мөн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөр сэрэмжтэй ажиллаж, баривчлахад бэлдэж буй болов уу. Хэдийнэ туршлагатай болсон дээрх жагсагчид ч үүнийг мэдэж байгаа. Тиймээс тэд ч бас аюулгүй байдлаа хамгаалахын тулд төлөвлөгөө боловсруулж, жагсаалд нэгдэх иргэдэд согтууруулах ундаа хэрэглэхгүй, элдэв хутга, зэвсэг зэрэг зүйл авчрахгүй байх сануулга түгээж байгаа гэнэ. Найруулагч хэмээх С.Баярсайхан “Ц.Уянга, Д.Монголхүү нарыг ална” хэмээн нийгмийн сүлжээгээр дамжуулан заналхийлсэн. Тиймээс өөрсдийнхөө амь насанд сэрэмжтэй байхыг тэдэнд бусад нь бас сануулж буй юм билээ. Ц.Уянга цахим сүлжээндээ “Маргааш болох жагсаалын үеэр бие нь муудсан, ямар нэг халдлагад өртсөн, тусламж шаардлагатай болсон иргэд гарвал анхаарч, тусад нь байршуулж, эмнэлэг, цагдаагийн үйлчилгээ, дуудлагад хамруулах сайн дурынхныг хайж байна” гэсэн зар оруулжээ.

Энэ мэтээр жагсагчид, нөгөө талд нь эрх баригчид тус тусын бэлтгэлээ хангаж байна. МАН-ын “хиамчид” болох гэж буй эл жагсаалыг “өнгөт хувьсгал” хэмээн нэрлэж, төрийн эрхийг булаах нь хэмээн сэвж эхэлжээ.

Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна гэж жагсаал зохион байгуулагчид үзсэн учраас огцруулахыг шаардаж буй. Гэвч жагсаалын дараа Ц.Уянга Элчин сайд, Б.Цацрал Ерөнхий сайд болох нь гэж ч жиргэж эхэлсэн байна лээ. Хэн нэг нь Элчин сайд болохыг үгүйсгэхгүй ч парламентад нэг ч суудалгүй намын дарга яаж ч тэр өндөр суудалд хүрэх юм. Хуулийн хүрээнд, хүн итгэхээр логиктой юм сэвмээр байгаа юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэд жагсах, цуглах эрхээ л эдлэх гээд байгаа үйл явц. Гэвч үүнийг Ерөнхий сайд нь өөрөө улстөржүүлэн, иргэдээ талцуулах алхам хийгээд байна. Энгийн жагсаал, цуглаан биш, төрийн эрхийг хууль бусаар авах том бослого, “бичил дайн” болох гээд буй мэт ойлголт төрүүлж, дэврээх хэрэг уг нь үгүй юм. Өнөөдөр үйл явц хэрхэн өрнөхийг харж байя.

0/1000