Хуучны эдлэл цуглуулах сонирхол нэгтэй аав, охин хоёртой ярилцлаа. Тэд жилийн өмнөөс санаа нэгдэн, цуглуулгаа эхлүүлж, одоогийн байдлаар хоёр өрөө дүүрэн, хуучны 500 гаруй эдлэлтэй болжээ. Г.Оюунлхам охин аавынхаа ард бат зогсож, үргэлж дэмждэг. Харин Ж.Гунгаадорж айлын амбаар, байшингийн дээвэр дээрээс ч хамаагүй хуучны зүйлс олж авч, цэвэрлээд цуглуулгаа илүү олон болгож байгаа аж. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгддэг гэх тэдний ярилцлагыг time.mn сайтаас уншаарай.
– Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Эртний эдлэл ямар онцлогтой байдаг вэ?
Ж.Гунгаадорж:
Хуучны эд зүйлс маш бат бөх шүү дээ. Өнөөгийн гар утас, бидний хэрэглэж байгаа зүйл шиг ганц унагахад эвдэрнэ гэж байхгүй. Маш чанартай. Яаж ч унагаасан, хэдэн зуун дамжсан байсан ч арчиж зүлгээд тавихад, шинэ юм шиг л болдог. Тийм л сайхан чанартай, бат бөх, үнэ цэнтэй зүйлс та нарыг төрөөгүй байхад байлаа шүү дээ /инээв/. Энэ түүхийг л өвлүүлж үлдээх гэж хичээдэг хүн, ах нь.
– Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Г.Оюунлхам:
Одоо Дорнод аймгийн Халхгол суманд, эх орныхоо зүүн хязгаарт илгээлтээр монгол хэл-уран зохиолын багш хийж байгаа. Аав бид хоёр түүхэнд дуртай, хообий нэгтэй учраас хуучны хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйл цуглуулдаг.
– Хэзээнээс хуучны эдлэл цуглуулж эхэлсэн бэ. Яагаад ийм зүйл цуглуулж эхлэв?
Сурагч байхаасаа түүхийн хичээлдээ их дуртай хүүхэд байсан. Үүнд манай аав их нөлөөлсөн. Аав бид хоёр түүх их сонирхдог. Түүхэн кино, түүхэн газрууд гээд л. Хообий нэгтэй аав, охин хоёр доо. Аав маань багадаа Залуу техникчдийн ордонд гэрэл зургийн дугуйланд явдаг байсан юм. Тэр үеийн камераа 2023 оны зун намайг аялалд явсан үеэр олсон юм билээ. Тэгээд л ийм цуглуулга хийвэл яадаг юм бэ гэж бодсон гэсэн.
Намайг аяллаас ирэхэд “Хоёулаа түүх дурсгалтай, социализмын үед хүмүүсийн хэрэглэж байсан зүйлийг цуглуулах уу” гэж санал тавьсан. Тэр саналыг би дэмжиж, түүх өгүүлэх хуучин эд цуглуулж эхэлсэн. Үүнээс хойш жилийн хугацаанд би зүгээр л аавын ард талд дэмжигч нь байсан. Харин аав минь айлын амбаар, байшингийн дээвэр дээрээс ч хамаагүй хуучны зүйлсийг олж авч, цэвэрлээд, цуглуулгаа илүү олон болгож байгаа.
–Одоогоор нийт хэдэн эдлэл цуглуулаад байна вэ?
Нэг жилийн хугацаанд гэхэд хоёр өрөө дүүрэн хуучны эдлэл цуглуулж чадсан. Бид хоёр тоолж байгаагүй болохоор яг хэд байгааг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 500-600 хавьцаа л байх даа. Тэрнээс ч их байж магадгүй.
–Эдгээрийг цуглуулахад хөрөнгө мөнгөний асуудал гардаг уу. Зарим хүн бол сайн дураараа өгч магадгүй. Зарим нь тодорхой үнэ хэлэх л байх даа. Тийм ээ?
Тэгэлгүй яах вэ. Анх цуглуулж эхлэхэд, аавын танилууд их дэмжиж, 21 аймгаас өөрсдийн гэрт байдаг, хэрэглэдэггүй эртний зүйлсээ явуулдаг байсан. Сүүлдээ бид хоёр цуглуулгаа илүү олон болгохын тулд өөрсдөө тодорхой хэмжээнд мөнгө гаргах шаардлагатай болсон. Тэгээд үнэгүй.мн сайтын эртний эдлэлүүдийг “ухаж” эхэлсэн дээ /инээв/. Хамгийн өндөр үнээр худалдаж авсан бүтээл бол 1970 оны үеийн шүүгээ. 2 сая төгрөгөөр маш цэвэрхэн хэрэглэсэн айлаас худалдан авч байлаа.
Хэдээс хэдэн оны хооронд хэрэглэгдэж байсан эд вэ?
60 жилийн өмнө хэрэглэж байсан, түүхийн ач холбогдолтой зүйлүүдийг цуглуулж байгаа. Хамгийн эртнийх нь XX зууны үеийн сампин. Манай өвөг эцгийн хэрэглэж байсан сампин байгаа юм. Би энэ сампинг хэрэглэж байгаа тавь дахь үе нь. Хамгийн эртний бөгөөд хамгийн үнэ цэнтэй цуглуулгын маань нэг дээ.
– Зарим цуглуулгаа айлын амбаар, байшингийн дээврээс олдог гэхээр зэвэрч хуучирсан байдаг байх. Ер нь эдгээр цуглуулгын хадгалалт ямархуу байдаг вэ. Мэдээж байшингийн мухарт байлгаад байвал зэврэх, элэгдэх асуудал гарах л байлгүй дээ?
Бид хоёрын цуглуулгад эмзэг эд зүйл цөөн байдаг. Айлуудын хэрэглэж байсан зүйл болохоор нэг сайхан цэвэрлээд тавьсан байхад, хааяа нэг гэрээ цэвэрлэж байгаа юм шиг цэвэрлээд явчихад арчилгаа шаардагдах юм байдаггүй. Яг мэргэжлийн хүмүүс болохоор “Битгий цэвэрлэ” гэж зөвлөсөн. Олон жилийн хугацаанд тоосонд дарагдсан чигээрээ байх тусам үнэ цэнтэй байдаг гээд. Харин манай аав “Тухайн үеийн айлууд юмаа өнгөлж цэвэрлээд, гамтай хэрэглэдэг байсан учир яг тэр хэвээр нь байлгах ёстой” гэдэг. Тийм болохоор маш их цаг гаргаж, эдгээр бүтээлүүдийг зүлгэж цэвэрлэдэг. Нэг данхыг л гэхэд 2 цаг зүлгэнэ шүү дээ.
– Эдгээр цуглуулгыг цуглуулж эхлэхэд сонирхлоос гадна, зорилго байсан байх?
Анх музей байгуулна гэсэн том зорилго тавиад эхэлж байлаа. Гэхдээ Монголын өнөөгийн нөхцөлд музей байгуулна гэдэг хүнд юм байна лээ. Дээрээс нь зүгээр нэг байшинг музей болгож болохгүй. Улаанбаатар хот анх үүсэх үед байсан, модон шал, модон цонхтой байшинд музейгээ нээвэл илүү үнэ цэнтэй байх гэж боддог. Одоогоор үүнд аав бид хоёрын хүч дутаж байгаа. Хүн бүл бас дутаж байна. Тийм болохоор бид хоёр музей болгож чадах хүн байвал болгочхоосой гэж хүсдэг. Музей болгох хүнийг байнга л хайж байна даа.
– Залуу хүний хувьд эртний үүх түүхээ судлаад, тэр үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг цуглуулна гэдэг үнэхээр бахархмаар зүйл шүү дээ. Тэгэхээр орчин үеийн залуус, дүү нартаа хандаж, түүхээ хадгалж, өвлөж үлдэх тал дээр юу хэлмээр байна вэ?
Би өвөө, эмээгийн хүүхэд л дээ. Багаасаа л эртний хар, цагаан киног төвөгшөөхгүй үздэг байсан. Тэр кинонуудаас маш олон сонирхолтой зүйл харсан. Тийм болохоор эдгээр цуглуулгын үнэ цэнийг, бидэнд ямар ач холбогдолтой болохыг, бүтэн зууны түүхийг яаж хадгалж, хамгаалж ирснийг маш сайн ойлгодог. Түүх гэдэг бол үзээд өнгөрөх тоос төдий зүйл биш гэдгийг л маш сайн ойлгох ёстой. Тийм ч учраас түүхээ ойлгож, хайрлаж, хүндэтгэж байх хэрэгтэй.
2025-01-11 13:03:26
Ёстой мундаг аав охин 2 байнаа чамбаал хүмүүс байна хэр баргын хүн ингэж гоё цуглуулахгүй шүүсупер үзэсгэлэн гаргамаар юм байна гоё шүү дээ мань мэтийн хүмүүс орчин үеийн хүүхэдүүд үзэг утасгүй яаж амьдарч байсныг харуулбал гоё байхаа баярлаа аав охин 2т эрүүл энх ийг хүсье
2025-01-10 07:41:34
1950 onii ajildag hurgugch bnaa iim humuust ni zgr ugmuur bn dugaar ni bval
2025-01-10 06:54:59
Дээр үед ээж маань хэрэглэдэг байсан гоё данх байнаа. Зарвал авах юмсан.