АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн Лос Анжелес хотын бүсэд мягмар гарагаас асч эхэлсэн ой хээрийн түймрийн учруулаад байгаа эдийн засгийн хохирлын хэмжээ 50 тэрбум ам.доллар давсныг мэргэжлийн байгууллагууд тооцоолон мэдээлээд байна.
Америкийн JP Morgan Chase компани түймрийн хохирлын талаарх тайландаа одоогийн байдлаар 50 тэрбум ам.долларын хохирол учруулаад байгаа бөгөөл энэ тоо цаг минутаар өсөн нэмэгдсээр байгаа гэжээ.
Харин цаг уурын шинжилгээний AccuWeather байгууллагаас гаргасан тайланд ой хээрийн түймрийн учруулаад байгаа нийт хохирлын хэмжээг 52-57 орчим тэрбум ам.доллар хэмээн тогтоожээ. Тус байгууллагаас түймрийн шууд болон шууд бус хохирлуудыг давхар тооцоолон гаргасан байна. Үүнд галд шатсан даатгалтай болон даатгалгүй үл хөдлөх хөрөнгүүд, шатсан газар, хөрс, мод ургамал, тариалангуудын хохирол, дэд бүтцүүд, нийлүүлэлтийн сүлжээ, зам тээвэр, аялал жуулчлал салбаруудад учирч буй хохирлууд, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, гал сөнөөх, гамшгийн онц байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, түргэн тусламж, эм тариа, эмнэлгийн зардлууд гээд бүгдийг нь оруулж тооцсон байна.
2020 онд АНУ-ын баруун эргийн бүсэд гарсан ой хээрийн түймрүүдийн нийт хохирлын хэмжээ $130-150 тэрбумаар хэмжигдэж байсан бол Лос Анжелесын энэхүү түймэр ердөө 3-хан хоногийн дотор 50 гаруй тэрбум ам.долларын хохирол учруулсан нь энэхүү ой хээрийн түймэр ямар аймшигтай, хор хөнөөлтэй гамшиг болж байгааг харуулааад байна.
Өнөөдрийн байдлаар Лос Анжелес бүсийн 5 байршилд аюултай ой хээрийн түймэр асч байгаа ба түймрийн улмаас олон мянган байшин барилга шатан сүйдэж, наад зах нь 6 хүн амиа алдаж, 180 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Одоогоор нийтдээ 117 шоо дөрвөлжин км газрыг шатаан асч байгаа Лос-Анжелесын ой хээрийн түймрийг АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден тус хотын түүхэн дэх “хамгийн их гарз хохирол дагуулсан” байгалийн гамшиг болж байгааг хэлсэн байна.
Ой хээрийн түймрийн улмаас гарсан хар утаа, үнс нь Лос-Анжелес хотод маш хүнд агаарын бохирдлыг авчирч, тухайн бүсийн хэд хэдэн дүүргийн сургууль хичээлээ түр зогсоохоо зарласан бөгөөд 9-ний өдөр Лос Анжелес болон түүний ойр орчмын бүс нутгийн 350 мянган өрхийн хэрэглээний цахилгаан тасарчээ.