Дэлхийн агаарын дундаж температур анх удаа 2024 онд жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давлаа. Энэ нь дулаарал улам бүр эрчимжиж, байгаль орчинд томоохон сорилтууд тулгарч байгааг харуулж байна гэж ЦУОШГ мэдээллээ.
2024 он манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун жил болжээ. Дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чиглэсэн Парисын хэлэлцээрийн зорилтоос анх удаа давлаа гэж Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлт судлалын өчигдөр мэдэгджээ.
2024 он яагаад ийм халуун байсан, энэ нь юуг зөгнөж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Цаг уурын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн халуун жил 2023 онд тохиосон юм. Гэтэл 2024 он түүнийг давж, өнгөрсөн 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жил болоод байна.
Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн мэдээлснээр, сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр түүхэн дэх хамгийн халуун жилүүд бүртгэгджээ. АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газар, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн судалгааны дүн ч үүнээс зөрөхгүй байх бололтой. Эдгээр байгууллагын 2024 оны тайланг өнөөдөр танилцуулах юм.
2024 онд дэлхийн гадаргын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.6 хэм, 2023 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс 0.12 орчим хэмээр өндөр байсныг Уур амьсгалын өөрчлөлт судлалын төвийн судлаачид тогтоожээ.
Манай Дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.5 хэмээр дулаарвал Арктик ба Антарктидын мөсөн бүрхүүл хайлахыг эрдэмтэд анхааруулсаар ирсэн юм.