horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Уушгины хатгалгааны 18.03% нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна

post-img

Агаарын бохирдолтой холбоотойгоор УИХ-аас зохион байгуулж буй дэд хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Сонсгол хийхэд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг УИХ 2024.12.19-нд 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр даргалуулсан. Ерөнхий хяналтын сонсголд чиглэсэн 3 дэд хэлэлцүүлгийг 7 хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна.

Өнөөдрийн дэд хэлэлцүүлэг “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвтэй. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудыг танилцуулж, ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа эсэх талаарх нотолгоо, баримт мэдээллийг сонсож байна.

УИХ-ын 22 гишүүн, 44 судлаач, 38 иргэн энэ хэлэлцүүлэгт оролцож байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд удирдаж байна.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат орчны эрүүл мэндийн судалгаа танилцуулав. Д.Очирбат:

-Орчны эрүүл мэнд гэдэг ойлголтод уур амьсгалын өөрчлөлт, хөрс, агаар, усны бохирдол, хог хаягдал орж байна.   

Доорх өвчнүүдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө

  • Уушгины хатгалгаа 18.03%
  • Уушгины архаг бөглөрөлт 13.29%
  • Тархины судасны өвчин 30.98%
  • Зүрхний ишемит өвчин 31.45%

Түүхий нүүрснээс шахмал түлш рүү шилжсэн нь эрүүл мэндийн үзүүлэлтээс харвал түүхэн шилжилт байлаа. Үүнийг судалгаагаар харуулъя.

Амьсгал, зүрх, судасны тогтолцооны өвчнөөр 2016-2023 онд 10 мянган хүн тутмын хэд нь өвчилснийг харуулъя.

Амьсгалын замын өвчин

  • 2016 он -1647 хүн
  • 2017 он -1671 хүн
  • 2018 он – 1712 хүн
  • 2019 он – 2099 хүн
  • 2020 он – 1116 хүн
  • 2021 он – 788 хүн
  • 2022 он – 1767 хүн
  • 2023 он -1931 хүн

Зүрх, судасны өвчин

  • 2016 он -1008 хүн
  • 2017 он – 1146 хүн
  • 2018 он -1150 хүн
  • 2019 он -1321 хүн
  • 2020 он- 903 хүн
  • 2021- 937 хүн
  • 2022 он- 1309 хүн
  • 2023 он – 1377 хүн

Нарийн ширхэгт тоосонцор уушгины нарийн салаалсан судаснууд дээр очиж, бөглөн, арилахгүй байсаар хорт хавдар үүсгэдэг. Агаарт нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор хамгийн их болдог цагуудад хүүхдийг гадаа гаргахгүй байхад анхаарч, сургууль, цэцэрлэгийг энэ үеэр цуглах, тарахгүй байхаар зохицуулах хэрэгтэй.  

0/1000