Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Даланжаргалан-Бор Өндөр чиглэлд 50 км хатуу хучилттай авто зам тавьж, 2022.10.29-нд нээсэн юм. Уг замын далан, хоолой, хөвөө болон 20.7 м урт гүүрний хоёр талын далан удаа дараа үерт угаагдаж, авто зам сэтэрсэн байна. Иймд уг замын зураг төслийг боловсруулсан “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д Зам, тээврийн сайдын 2024.11.30-ны өдрийн А/183 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар олгосон ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Хэнтий аймагт түүхэн аялал жуучлал хөгжүүлэх зорилгоор Замын Үүд-Даланжаргалан-Бор-Өндөр-Өндөрхаан-Ульхан чиглэлд хатуу хучилттай авто зам тавьсан. Үүний нэг болох Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг 2020 онд “Билэгт зам” компани 3 тэрбум 420 сая төгрөгөөр тавьж эхлэн, 2 жил 7 сарын дараа ашиглалтад оруулжээ.