ЦЕГ жагсаал цуглаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 11-ий өдөр эхэлсэн иргэдийн жагсаал зургаа дах өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага 129 иргэнд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, биеэ удирдах чадваргүй архидан согтуурсан иргэд, ахмад настан, бага насны хүүхэдтэй явж буй иргэдийг албаны унаагаар ар гэрт нь хүргэж өгчээ.
Энэ сарын 11-ий өдрийн жагсаал цуглааны үеэр бусдын хөрөнгийг устгаж гэмтээсэн, үүрэг гүйцэтгэж байсан ТТХГ-ын алба хаагчийн савхан ясыг хугалсан, бусад иргэдийн эрх чөлөөнд халдах зөрчил бүртгэгджээ. Тодруулж хэлбэл бага насны хүүхэд нь өвдсөн эмэгтэйн замыг саатуулсан, мөн нийтийн тээврийн автобусны хөдөлгөөнийг хаах, түргэн тусламжийн автомашинд саад учруулах гэх зэрэг хууль бус үйлдлүүд гарсан гэв.
Мөн түүнчлэн төрийн ордон уруу бие засах, нэвтэрч болохгүй объект уруу нэвтрэхийг санаархах зэрэг олон зөрчил гарчээ.”Цагдаагийн байгууллага иргэн хуулийн этгээдээс ирсэн гомдол мэдээллийг бүхий л сувгаар хүлээж авдаг. Заавал гомдол гаргагч гэхгүй цахим орчныг эх сурвалж болгон шалгах тохиолдол байдаг. Жагсаал цуглаан зохион байгуулагч Б.Цацрал гэх эмэгтэйн биед халдсан этгээдүүдийг олж тогтоосон. Одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээллээ. Жагсаалд оролцож буй иргэдийг олон нийтийг санаатай турхирсан үйлдлээс анхаарч сэрэмжлэхийг санууллаа.