horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

“Брэд Питт”-тэй цахимаар харилцсан франц эмэгтэй 830 мянган евро алджээ

post-img

Францын TF1 телевизийн сувгаар хуурамч “Брэд Питт”-тэй интернетээр харилцаж, 830 мянган еврогоо алдсан эмэгтэйн талаар өгүүлсэн нэвтрүүлгийг цацсаны дараа цахим залилангийн хохирогч болсон тэрхүү эмэгтэй олон нийтийн доог тохууны бай болон хувирчээ.

Өнгөрсөн ням гарагт TF1 телевизийн сувгийн оргил цагаар цацагдсан тэрхүү нэвтрүүлэг үндэсний хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан сонирхолтой нэвтрүүлэг болсон бөгөөд цахим луйварчдын бай болж, хадгаламжаа алдсан, интерьер дизайнер мэргэжилтэй, 53 настай Анна хэмээх тэрхүү эмэгтэй жил хагасын хугацаанд өөрийгөө цахимаар Брэд Питтэй харилцсан гэж бодсон байна.

Нэвтрүүлэгт өгүүлснээр Анна амьдралынхаа турш цуглуулсан хадгаламжаа алдаж, луйвардуулсан гэдгээ мэдсэний дараа гурван ч удаа амиа егүүтгэх оролдлого хийсэн ажээ. Мөн тэрээр Францын нэгэн алдартай YouTube сувагт өгсөн ярилцлагадаа өөрийгөө хүмүүсийн шоолж, дооглоод байгаа шиг тийм “эргүү тэнэг, галзуу” хүн биш гээд, “би зүгээр л луйврын золиос болсон хүн, түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас л би айж ичилгүйгээр энэ талаараа олон нийтэд дэлгэн ярьж, гарч ирсэн, яагаад гэвэл надтай ижил хохирсон хүмүүс олон байгаа” гэжээ.

Анна телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа 2023 он 2-р сард гар утсандаа Инстаграм суулгаснаар энэ бүх зүйл эхэлсэн гэжээ. Түүнтэй өөрийгөө Брэд Питтийн ээж Жэйн Этта хэмээн танилцуулсан хүн холбогдож, “хүүд нь яг түүн шиг эмэгтэй л хэрэгтэй” хэмээн бичсэн байна. Маргааш нь түүнтэй “Брэд Питт” өөрөө холбогдох үед Анна цочирдсон бөгөөд сошиал медиа хэрэглэдэггүй, туршлагагүй байсан учраас юу болоод байгааг тухайн үед ойлгож мэдээгүй гэжээ. Өнөөх “Брэд Питт” түүнд тансаг, сайхан бэлэг илгээмээр байгаа ч Анжелина Жоли-гоос гэр бүлээ цуцлуулах үйл явцаас шалтгаалаад түүний банкны дансыг царцаачихсан тул гаалийн төлбөр төлөх боломжгүй байна гэх зэрэг төрөл бүрийн шалтгаан тоочиж, Анна-гаас мянга, мянгаар нь евро шилжүүлүүлэн авч, Анна ч тухай бүрд нь эргэлзэж байсан боловч тэд миний эргэлзээг тайлж байсан хэмээн ярьжээ. Тухайн үед тэрээр чинээлэг бизнесмен нөхөртэйгээ амьдарч байсан ч дараа нь нөхрөөсөө салж, нөхөн төлбөрт 775,000 евро авснаа бүгдийг нь луйварчдад алдсан байна. Луйварчид эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа Брэд Питтийн зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээж, Анна руу илгээн, “бөөрний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байна, түүнд яаралтай бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж бичсэн бол Анна интернетээс Брэд Питтийн эмнэлэгт хэвтсэн тухай зураг, мэдээг хайгаад олоогүй болохоороо тэр зургуудыг зөвхөн түүнд зориулж, түүнд үзүүлэх гэж авсан сельфи зураг гэж бодсон гэдгээ ярьсан байна. Анна өөрөө хорт хавдрын эсрэг тэмцэж байгаа учраас өөрийгөө хүний амь нас аварч байна л гэж бодсон гэжээ.

Тэр ч бүү хэл жүжигчин Брэд Питтийн шинэ найз бүсгүй Инес де Рамоны тухай мэдээ хэвлэлүүдээр цацагдах үед Анна сэжиг авч эхэлсэн боловч луйварчид мөн л хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч телевизийн мэдээний бичлэг хийж, тэрхүү бичлэгтээ Брэд Питтийг “Анна хэмээх нэгэн онцгой эмэгтэйтэй нандин харилцаатай” хэмээн хиймэл оюунаар бүтээсэн телевизийн хөтлөгчөөр яриулсан байна. Тэрхүү хуурамч бичлэгийг үзсэн Анна хэсэг тайвширсан боловч Брэд Питт, Инес де Рамон нар 2024 оны 6-р сард өөрсдийн харилцааг албан ёсоор олон нийтэд зарласны дараа Анна энэ бүхэнд цэг тавихаар шийдсэн байна. Тэр үед залилагч нар Аннатай “Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан Жон Смит” гэсэн нэрээр холбогдсоны дараа Анна тэднийг цагдаад мэдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.

Нэвтрүүлэг цацагдсанаас хойш олон нийт түүнийг шоолж, доог тохуу хийсээр байгаа учраас TF1 суваг мягмар гарагт Анна-гийн оролцсон нэвтрүүлгийг өөрсдийн хөтөлбөр болон бүхий л платформуудаас устгасан ч тэрхүү нэвтрүүлэг цахим орчинд олдсоор байгаа гэнэ. Харин зарим хүмүүс хиймэл оюун, deepfake зэрэг орчин үеийн технологийн талаар мэдлэггүй ахмад настнуудад ийм зүйл тохиолдож болохыг үгүйсгэхгүй, тэднээр доог тохуу хийхээсээ илүүтэй тэдэнд энэ талаар ойлголт мэдлэг өгч, тэдэнд туслах ёстой гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Холливудын жүжигчин Брэд Питтийн хэвлэлийн төлөөлөгч Америкийн Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “олны танил алдартнуудын шүтэн бишрэгчид луйварчдын бай болох явдал үнэхээр муухай, нийгмийн сүлжээнд байдаггүй алдартнуудаас шууд бичиж, холбогдсон тохиолдолд хүмүүс хариулахгүй байх хэрэгтэй” хэмээн анхааруулжээ.

0/1000