Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ-ын тухай хуулийн 41.9-д “Хэрэв бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн хүмүүсийн замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” хэмээх заалт бий.

Сул иргэн болсон ч жилийн турш УИХ-ын гишүүний цалин авна аа л гэсэн үг. Хуулийн эл заалтыг он гарсны дараахан л олон нийт гэнэт анзаарч, шуугилдсан юм.

Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын зарим гишүүн дээрх заалтыг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлжээ. Гишүүн Л.Мөнхбаясгалан “Албатай юм шиг гишүүн болчихоод, дараа нь бас сонгогдохгүй уначихаад ард түмний төлсөн татварын мөнгөнөөс тэтгэмж авна гэхээсээ ичих хэрэгтэй” гэсэн байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ч УИХ-ын гишүүдтэй “барьцаж” эхэлсэн бололтой. Төлөөлөгч З.Төмөртөмөө үүнийг “онигоо” хэмээн тодотгоод “Жагсаалтаар сонгогдсон гишүүд бол бүр онигоо. Та нарын хэн нэгнийг УИХ-ын гишүүнээр сонгоё гэж гаргаагүй” гэжээ.

Өмнөх парламент УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа л эл заалтыг шургуулж орхиж хэмээн олон нийт хардаж байв. Гэвч УИХ-ын гишүүн байхаа больсны дараа жилийн турш тэтгэмж авдаг, орон нутгийнхан нь ирсэн газар руугаа буцах бол замын болон нүүлгэх зардлыг төр хариуцдаг байх заалтыг 1997 онд оруулсан юм билээ. Энэ тухай бид өмнө нь ч мэдээлсэн. 1992 оны УИХ-ын тухай хуульд анх “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол сонгогдохоос өмнө нь хийж байсан ажилд эгүүлэн томилох, тухайн албан тушаал нь байхгүй бол мөн үед авч байсан цалинг нь бууруулахгүйгээр ажил олгоно” гэж оруулж байжээ. Тэтгэмж биш, ажил олгох тухай, бэлэнчлээгүй зохицуулалт байсан гэсэн үг. Харин дараагийн УИХ нь өнөөдөр маргаан дагуулж, шүүмжлэлд өртөөд буй заалтыг нэмж, ажлын байраар хангана гэснийг нь гишүүний цалинтай дүйх хэмжээний тэтгэмж олгодог болгон өөрчилсөн байна. Гэхдээ тэтгэмж авах хугацааг зургаан сараар баталж байж. 2006 онд үүнийг тухайн үеийн УИХ-ын гишүүд нэг жил болгон өөрчлөв. Үүнээс хойш л дараагийн сонгуулиар унасан, эсвэл нэр дэвших эрх авч чадаагүй хүмүүсийг “аргадах” эл заалтыг хэрэгжүүлсээр ирсэн байна.

Дээрх асуудал шинэ мэтээр дахин сөхөгдөх үед УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “2020-2024 оны парламентын 76 гишүүнээс 38 нь дахин сонгогдсон. Үлдсэн 38 хүнээс 30 орчим нь тэтгэмж авах хүсэлт гаргасны дагуу олгоод явж байгаа. Тэтгэмжийг сар сараар нь олгоно. Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын тухай хуулийн 49.1 хэсгийн заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй” гэсэн тайлбар өгсөн байна лээ. Одоогийн байдлаар УИХ-ын нэг гишүүн сард 3.9 сая төгрөгийн цалин авдаг. Үүн дээр зэрэг, цол, ажилласан жил зэргээс хамаараад нэмэгдэл орох тул хүн бүрийн цалин харилцан адилгүй байх.

Гэхдээ сар бүр сул орж ирэх 3.9 сая төгрөгийг авахгүй гэж татгалзах ёс зүйтэй хүн цөөн.

Тиймээс өмнөх парламентын дахин сонгогдоогүй 38 хүний 30 нь тэтгэмж авах хүсэлтээ гаргаад, аваад явж буй юм байна. 1997 оноос хойш нийт хэдэн гишүүн асан ийм тусгай хангамж эдэлж, үүнд нь төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан тухай нэгдсэн мэдээлэл УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргад байгаагүй гэнэ.

УИХ-ын гишүүд хуулиар олгосон бүрэн болон дархан эрхтэй. Тиймээс гишүүн байх үедээ тусгай хангамж эдлэхийг буруутгахгүй. Харин энгийн иргэн болсон хүнийг бусдаас ялгаж, илүү хангамж эдлүүлдэг нь шударга ёсонд үл нийцнэ. Гэвч үе үеийн УИХ-ын гишүүд эл заалтаа хамгаалж, хадгалж, өвлүүлсээр, хуулиар өөрсдөдөө олгосон эрхийнхээ дагуу сул иргэн болсныхоо дараа ч төрөөс жилийн турш цалин авсаар ирсэн байна. Нэг удаа азаар гишүүн болсон, дахин сонгогдоход ур чадвар, мэдлэг нь дутах хүн манай УИХ-д олон. Мөн харьж яваа улс төрчид ч араа бодоод энэ заалтыг хасаж зүрхлэхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн байсныхаа төлөө тусгай хангамж эдэлдэг эл заалтыг хуулиас хасуулах зоригтой, ёс зүйтэй улс төрч аль ч парламентад гарахгүй нь.

- Шинэ
- Хандалттай