Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ нэмэлт өөрчлөлт оруулан, 2025.01.01-нээс мөрдөж эхэллээ. Арилжааны банкаар дамжуулан малчныг үйлдвэрлэгч болгох, эрсдэлээ өөрөө даван туулах чадвартай болгох ерөнхий зорилготой.
Малын тоо толгойн албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, арилжааны банканд данстай малчид хөнгөлөлттэй зээл авах боломж нь нэмэгдэнэ. Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тарих, хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах, цас цэвэрлэн бэлчээр гаргах зориулалттай техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах бол хөнгөлөлттэй зээл олгох юм байна.
- Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны 1 хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд сургуульд төлбөргүй суралцуулна.
- Малчдыг орон сууцны ипотекийн зээлд хамруулна. Зээлийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгоно.
- Гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулна.
- Хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ.