Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны маршал Г.Санж-Очиртой ярилцлаа.
———————————————————————-
-Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо өнгөрсөн онд ямар ажлууд зохион байгуулав. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай холбоо өнгөрсөн онд нийт таван цуврал, олон улсын чанартай нэг гээд нийт зургаан т эмцээн амжилттай зохион байгуулсан. Японы болон дэлхийн топ тамирчин Дайго Сайто болон мэргэжлийн өндөр түвшний бусад тамирчдыг урилгаар авчирч, тэмцээнд оролцуулсан. Энэ зургаан тэмцээнд давтагдсан тоогоор 70-80 тамирчин оролцсон байна. Одоогоор энэ оны өвлийн нээлтийн тэмцээнүүд эхлэхэд бэлэн болсон. Тамирчид маань бэлтгэлээ хангаад явж байна.
-Өвлийн тэмцээнүүд эхлэх гэж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Өмнөх жилийн тэмцээнүүдээс ямар давуу талтай байх вэ?
-Ер нь өвлийн дөрвөн цуврал тэмцээн зохион байгуулахаар байгаа. Хоёр нь Улаанбаатар хотод, нэг нь Дархан хотод зохион байгуулна. Үүний дараа Эрдэнэт хотод өвлийн тэмцээний улсын аваргаа шалгаруулна. Өвлийн тэмцээн ямар онцлогтой вэ гэвэл, нэгдүгээрт, бид техникийн хувьд турбогүй хөдөлгүүрээр тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг. Хоёрдугаарт, тамирчдынхаа ур чадварыг сайжруулахын тулд хэт халтиргаа, гулгаатай зам буюу мөстэй замыг бэлдсэн байгаа. Нэг талдаа үзэгчид, залуучуудынхаа чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох үүднээс энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Нөгөө талдаа хотын төвөөр шөнө оройн цагаар бүдүүн яндан дуугаргадаг залуучууд болон энэ спортод дуртай залуучуудын цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор өвлийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дулаан жил болж байна. Тиймээс бид тэмцээнүүдээ шахаж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сар гарчихвал цас мөс хайлах эрсдэлтэй. Тиймээс энэ эрсдэлээ тооцоолж хоёр сар орчмын хугацаанд өвлийн бүх тэмцээнээ шахаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Эхний удаад зохион байгуулагдах өвлийн тэмцээн нь хаана, хэзээ болох юм бол?
-Ирэх сарын 18-ны өдөр манай өвлийн анхны тэмцээн “Ice drift” болно. Дрифтийн анхны тойрог зам болох “Монгол 63” буюу Налайхын Гордокт зохион байгуулагдана. Одоогоор 50-70 орчим тамирчин оролцохоор бүртгэлээ хийлгэсэн байна. Өвлийн тэмцээн гэдэг утгаараа тамирчдаас маш их ур чадвар шаардсан өрсөлдөөнтэй тэмцээн болох байх.
-Дрифтийнхний хувьд олон нийтийн эзэмшлийн гудамж талбайд шөнө оройн цагаар дрифтэллээ гэх шүүмж их байдаг. Энэ тохиолдолд хуулийн дагуу зохих шийтгэлийг оногдуулдаг байх. Харин холбооны зүгээс арга хэмжээ авдаг уу?
-Манай холбоо Тээврийн цагдаагийн албатайгаа хамтран ажиллаад удаж байна. Байнгын харилцаа холбоотой байж, хамтран ажилладаг. Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийг камер шүүх гэх мэтээр олж тогтоон торгуулийн арга хэмжээ авах, цаашлаад жолоо барих эрхийг хасдаг. Мөн техникийн шаардлага хангаагүй бол журамлах, түр саатуулах зарчмаар арга хэмжээнүүдийг авч байгаа. Манай холбооны хувьд бас дотроо дүрэм журамтай. Хэрэв тухайн зөрчил гаргасан хүн холбооны тамирчин байвал маш өндөр хариуцлага тооцдог. Тэмцээнд орох эрхийг нь 1-2 жилээр хасна. Торгуулийн арга хэмжээ тавих буюу ямар нэг арга хэмжээнд орох эрхийг хойшлуулдаг. Яагаад вэ гэвэл, бусад залуус нь хичээж байхад нэг нөхөр г арч ирээд бусдыгаа чирээд, дүрэм зөрчөөд байж болохгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг бусад гишүүд хоморгонд нь өртдөг байж болохгүй.
-Саяхан бас олон нийтийн сүлжээнд шөнийн цагаар дрифтэлж байна гэсэн бичлэг цацагдсан. Тухайлбал, энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Манай холбоонд 200 орчим тамирчин бүртгэлтэй байдаг. Албан ёсны буюу бичиг баримтын бүртгэлтэй тамирчид гэсэн үг. Нөгөө талд манай спортыг сонирхож байгаа залуус олон бий. Манай холбоонд бүртгэлгүй, хамааралгүй нөхдүүд манай нэрийг барьж дрифтэлж байгаа нь асуудал үүсгэдэг. Үүн дээр замын цагдаагийн алба дор бүр нь асуудлыг шийдэж, торгуулийн арга хэмжээ авдаг. Ер нь манай холбооны тамирчдаас дүрэм зөрчиж, арга хэмжээ авахуулсан хүн цөөн бий. Тэр хүмүүст холбооны дүрэм, шаардлагыг биелүүлж чадаагүй гэдэг үүднээс хариуцлагын асуудлыг өндөр тавьсаар ирсэн. Одоогоор ийм асуудалд орсон 2-3 хүн бий.
-ММСАМХ ирэх жил ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ. Тухайлбал, жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Power Expo & Festival” дрифтийн спортыг сонирхогчдын дунд хүлээлт үүсгэдэг.
-Энэ бол манай хаврын нээлтийн тэмцээн. Өмнө нь “VIP auto moto festival” гэж зохион байгуулагддаг байсан. Өнгөрсөн жилээс олон улсыг хамарсан “Pow er Expo & Festival” гэсэн нэршилтэйгээр зохион байгуулагддаг болсон. Авто төрлийн массыг тэр чигт нь хамарсан өргөн цар хүрээтэй наадам болдог. Энд олон улсаас ирж болох бүх тамирчин ирнэ. Авто төрлийн бүх машин механизм оролцдог. Мөн гадаад дотоодын дуучид, хөгжимчдийг хамруулсан “music festival” гэх мэт төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тавдугаар сард бэлтгэл ажил эхлэх ёстой. Үүний дараа холбооноос цуврал 4-5 тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-ММСАМХ тамирчдаа олон улсад гаргах чиглэлд хэрхэн ажиллах юм бол.
-Манай холбоо 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Япон улсуудтай хамтарч олон улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдаа явуулах, урилгаар авчрах зэргээр туршлага солилцон үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Мэдээж бидний зорилго бол олон улсад гарах. Тиймээс эхний ээлжинд хөрш ОХУ, БНХАУ руу тамирчдаа явуулах зорилготой байна. Дэлхийн стандарт буюу олон улсын стандарт хангасан машин техник болон тамирчдаа бэлдэх гэх мэт олон ажил байдаг. Бага багаар бэлдэж, гадны тамирчдыг авчирч, туршлага солилцох уулзалтыг маш сайн хийж байна.
Э.Мөнх