horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Америкийн нэрт кино найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө

post-img

“Twin Peaks” телевизийн цуврал, “Eraserhead”, “Dune”, “Mulholland Drive” зэрэг өвөрмөц хийц, шийдэл бүхий кинонуудаараа алдартай Холливудын нэрт найруулагч Дэвид Линч 78 насандаа таалал төгслөө.

Түүнийг нас барсан талаар гэр бүлийнх нь зүгээс найруулагчийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан мэдэгджээ.

АНУ-ын Монтана мужийн Миссула хотод төрж өссөн Дэвид Линч анх уран зураг сонирхож, зураач болохоор суралцаж байсан ч сонирхол нь өөрчлөгдөж, 1960-аад оны дундаас богино хэмжээний кино бүтээж эхэлсэн байна.

“Eraserhead” хэмээх түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1977 онд гарч байсан бол өнгөрсөн хугацаанд Дэвид Линч нийт 10 кино найруулсан нь тооны хувьд цөөн сонсогдож болох ч кино урлагийн хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлээд баршгүй юм. Дэвид Линчийн ихэнх бүтээлүүд нь айдас хүйдэс, зүүд зэрэглээ мэт сюрреалист хэв маягаар хийгдсэн байдгаараа онцлогтой. “Inland Empire” хэмээх хамгийн сүүлийн киногоо 2006 онд гаргаснаас хойш найруулагч Дэвид Линч 20 орчим жил уран сайхны бүтээгээгүй ч 1990-ээд оны алдарт “Twin Peaks” цувралынхаа үргэлжлэлийг “Twin Peaks: The Return” гэсэн нэрээр 2017 онд үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

Дэвид Линч кино найруулагчийн замналынхаа туршид “Blue Velvet”, “The Elephant Man” болон “Mulholland Drive” кинонуудаараа Оскарын “Шилдэг найруулагч” төрөлд нэр дэвшиж байсан ч уг шагналыг авч чадаагүй бөгөөд 2019 онд Америкийн кино академийн зүгээс түүнд Оскарын хүндэт шагналыг гардуулж байсан түүхтэй.

Тэрээр “Wild at Heart” киногоороо 1990 оны Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод” шагналыг хүртэж байсан юм.

Зөвхөн уран сайхны киноноос гадна Дэвид Линч телевизийн цуврал, богино хэмжээний кино, хамтлаг уран бүтээлчдийн видео клип туурвихаас гадна өөрөө мөн рок дуу хөгжим зохиож, бага залуу насны сонирхлоороо уран зураг ч мөн бүтээж байсан юм.

Найруулагч 2024 оны 8-р сард эмфизем буюу уушгины архаг бөглөрөлтэй болсноо зарлаж, өвчний оношийг өөрийнхөө архаг тамхидалттай холбож, “төлөөсөө төлж байна” хэмээн хошигнон хэлж байсан удаатай. Гэхдээ өвдлөө гээд “хэзээ ч уран бүтээлээ орхихгүй” хэмээн мэдэгдэж байсан ч ердөө хэдхэн сарын дотор түүний эрүүл мэндийн байдал дордсон бөгөөд өнгөрсөн 11-р сард “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүчилтөрөгчийн аппаратгүйгээр алхаж явж чадахгүй, гэрээсээ гарах боломжгүй байгаагаа хэлж байжээ.

Холливудын жүжигчин Николас Кейж, найруулагч Стивен Спилберг, Рон Ховард, хөгжмийн зохиолч Moby зэрэг олон алдартнууд Дэвид Линчийг таалал төгссөн явдалд эмгэнэн харамсч байгаагаа илэрхийлээд байна.

“Аз жаргал бол шинэ машин биш, харин ажил үйлс юм. Хэрвээ чи хийж буй зүйлдээ дуртай бол үр дүн нь үргэлж аз жаргалтай байдаг” – Дэвид Линч

0/1000