Нийслэл хотын орон сууцны барилгуудын тоо хэмжээ, үнийн өсөлт хэн бүхэнд сонирхолтой байх нь мэдээж. Энэ жил хэчнээн орон сууц баригдсан, ирэх жилд хэд баригдах, үнэ ханш нь ямар байх гээд л.
Ойрын жилүүдэд иргэдийн анхаарлыг ихэд татаж буй сэдвүүдийн нэг. Гэтэл энэ удаад жилээр бус сар, сараар нэмэгдэж буй орон сууцны үнэ иргэдийн бухимдлыг ихэд төрүүлж буй. Арга ч үгүй биз дээ. Утаандаа угаартаж, уушгиараа ханиалгаж ханалаа шүү дээ. Утааны эсрэг шийдэл яригдахаар гэр хорооллын айлууд, нүүрс яригдаж эхэлдэг. Тэд ч гэсэн тортог ихтэй нүүрс түлж, золгүй явдлаар зарим нь угаартаж, ханиалгаж амьдрахыг хүсэхгүй л байх.
Гэр хорооллоос болж утаандаа дарагдаад, улсаараа угаартаад байгаа юм бол ядаж л орон сууцны үнээ хөөрөгдөхгүй барих хэрэгтэй биш гэж үү? Үүнийг хэн, хэрхэн шийдэх вэ?
Улаанбаатарт орон сууцны үнэ 14.6 хувиар өсжээ
ҮСХ-ны гаргасан судалгаагаар;
2024 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар, өмнөх сарынхаас 1.1 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.65 сая төгрөг болжээ. Байршлаасаа хамааран үнэ өсдөг. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.72 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Үүнээс харахад боломжтой нь байрандаа амьдраад, сарын цалингаа зээл, түлээ нүүрсэндээ өгдөг хүмүүс байрны бараа харах эрхгүй болжээ.
2024 оны 12 сарын байдлаар;
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна.
Өмнөх жилүүдэд орон сууц, шинэ хуучин гээд үнийн хувьд ялгаатай байсан. Гэвч одоо яг адилхан, 1 м/кв нь 4 саяас дээш байна. Бусад улсад ч гэсэн шинэ барилга баригдахад, хуучирч буй орон сууцны үнэ тодорхой хэмжээнд буурдаг. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хуучин орон сууцны үнэ өмнөх оныхоос 16 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өсөөд байгаа юм.
Улаанбаатарт 8 дахь жилдээ амьдарч буй иргэн Хангай 3 өрөө байр 400 саяар худалдан авчээ. “8 жил өөрөөсөө харамлаж, өрөөлд “Байхгүй” гэдгээрээ алдаршиж байж л 3 өрөө байр авлаа даа, ах нь”. Үнэхээр Монголд амьдрахад бэрх байна. Ядаж л ганц байртай болоод хоолтой ч бай, хоолгүй ч бай өөрийн юмандаа хэвтэж байх нь сайхан юм даа. Өмнө нь түрээсийн байранд эхнэр 2 хүүхэдтэйгээ хэцүү байдаг байлаа. Одоо ч баян цатгалан, мөнгөтэй хүн л энэ хотод амьдрах болж байна” гэв.
Иргэн Ариунаа: “Өмнөх жил 5 хүүхэд маань нийлээд, 2 өрөө байр хөгшин бид хоёрт авч өгсөн. Гэхдээ зээлээр авсан юм билээ. Сард 3 сая гаруй төгрөг төлдөг юм гэсэн. Хэдэн жил ч төлөх юм бүү мэд. Байрны мөнгөө төлж дуустал хөгшин бид хоёрын нас хүрэх нь үү, үгүй юү? Цаашдаа ийм нийгэмд хүүхдүүд маань яаж амьдрах юм бол доо. Хамаг л юмны үнэ нь тэнгэрт хадаж байна шүү дээ” гэж ярилаа.
Орон сууцны үнэ өсөхөд юу нөлөөлж байна вэ?
Нийслэл хотод барилга орон сууцны үнэ өсөхөд байршил хамгийн ихээр нөлөөлж байгаа бөгөөд шинэ орон сууц барих газар хомс байна. Мөн ажилчдын цалин хөлс, тоног төхөөрөмжийн үнэ тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Хамгийн чухал зүйл нь эрэлт. Иргэдийн байр худалдан авах эрэлт ихсэх тусам үнэ өсдөг. Нэгэнт өссөн үнэ буурна гэж байхгүй учраас хэрхэн тогтвортой барих вэ гэдэгт анхаарах нь зөв гэж ҮСХ-ны Үнийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил хэллээ.
Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэл хотод ажиллаж, амьдарч буй. Хотод оршин суух хүн нэмэгдэхийн хэрээр иргэдийн байр худалдан авах эрэлт ихэснэ. Эрэлт ихсэх тусам үнэ өснө гэх албаны хүний ярианаас хүн амын төвлөрөл ихсэх тусам байрны үнэ өссөөр байна гэдгийг харж болно. Утаа, түгжрэлд хүн амын шилжилт хөдөлгөөн нөлөөлж байна гээд ХХААХҮЯ-ыг Дархан руу шилжүүлсэн. Энэ мэтчилэн хүн амын төвлөрлийг бууруулах шийдвэр гаргавал утаа, түгжрэлээс гадна орон сууцны үнийн өсөлт ч тогтвортой болж магадгүй л юм.