horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Коннор Макгрегорыг ахин хүчингийн хэрэгт буруутгажээ

post-img

Холимог тулааны спортын од, UFC-гийн хоёр жингийн аварга асан Коннор Макгрегорыг ахин нэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаад байна.

Төрөлх Ирланд улсдаа хүчингийн хэрэгт холбогдож, шүүхээр буруутай нь тогтоогдоод удаагүй байтал ийнхүү ахин нэг хүчингийн хэрэгт холбогдлоо.

Энэ удаад АНУ-ын Флорида мужийн тойргийн шүүхэд түүний эсрэг гомдол гаргаад байна. Тодруулбал, 2023 оны NBA-ийн аварга шалгаруулах тоглолтууд явагдаж байсан Майами хотын Кесаяа цогцолборт зохиогдсон тоглолтын үеэр Коннор Макгрегорыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн нэрээ нууцалсан эмэгтэй энэ долоо хоногийн мягмар гарагт гомдол гаргажээ.

Уолл Стрийтийн нэгэн компанид дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг, 49 настай, нэрээ нууцалсан эмэгтэй 2023 оны 6-р сарын 9-нд Miami Heat : Denver Nuggets багуудын аваргын төлөөх тоглолтын үеэр дээрх хэрэг явдал болсон хэмээн мэдүүлж, Коннор Макгрегороос нөхөн төлбөрт 75 мянга гаруй ам.доллар нэхэмжилжээ. Түүнчлэн түүнийг хамгаалах арга хэмжээ авч чадаагүй хэмээн сагсан бөмбөгийн тоглолт явагдсан Кесаяа цогцолбор, тус цогцолборын хамгаалалтын албыг давхар буруутгасан байна.

Уг хэргийг тухайн үедээ цагдаа нар шалгаж, тэр үед Коннор Макгрегор өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдүүлж, Майами-Дэйд тойргийн шүүгч К.Макгрегорын эсрэг хэрэг үүсгэхээс татгалзаж байсан байна.   

Харин гомдол гаргагч эмэгтэйн өмгөөлөгч Жеймс Данны хэлснээр “К.Макгрегорын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаны дараа үйлчлүүлэгч маань удаан бодсоны эцэст Уолл Стрийт дэх удирдах албан тушаал, нэр төрөө эрсдэлд оруулан, шударга ёсны төлөө К.Макгрегорын эсрэг иргэний хэрэг үүсгэхээр шийдсэн” гэжээ. Тулаанчийн эсрэг үүсгэсэн заргад хохирогч эмэгтэй өөрийг нь Макгрегорын туслах эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд дагуулан аваачиж, тэрхүү өрөөнд Коннор Макгрегор түүнийг хүчиндсэн хэмээн буруутгажээ. Хэрэг гарсан Кесая цогцолборыг буруутгасан заргадаа тэрээр тус цогцолборын хамгаалалтын албаны ажилтнууд хохирогчтой хамт явсан найзыг нь тэрхүү эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд оруулахгүй байснаас гадна тухайн цогцолборын зүгээс К.Макгрегорыг “хяналтаа алдаж, тасартал” нь согтууруулах ундаагаар шахаж үйлчилсэн хэмээн буруутгасан байна.

Харин К.Макгрегорын өмгөөлөгч Барбара Лланесын CNN агентлагт өгсөн мэдэгдэлд “Тухайн үед мөрдөн шалгалтыг сайтар явуулсны эцэст мужийн шүүгч хэрэг үүсгэхээс татгалзах эцсийн шийдвэрийг гаргасан. Гэтэл тэр бүсгүй 3 өмгөөлөгч сольж, 2 жил орчмын дараагаар ийнхүү өөр шинэ түүх зохиож гарч ирлээ. Энэ удаад ч гэсэн уг хэргээс татгалзана гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн оны 11-р сард К.Макгрегорыг хүчингийн хэрэг буруутгаж, түүний эсрэг гомдол гаргасан эмэгтэйн хэрэгт шүүхээс К.Макгрегорыг буруутай хэмээн тогтоож, хохирогч эмэгтэйд 250 мянган еврогийн нөхөн төлбөр төлсөн билээ.

0/1000