АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Холливуд буюу Америкийн кино, энтертайнмент бизнесийн салбарыг сурталчлах тусгай элч төлөөлөгчөөр Холливудын гурван алдартай жүжигчинг нэрлээд байна.
Тэрээр өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд “Жүжигчин Жон Войт, Мел Гибсон, Сильвестер Сталлоне нарыг Холливудын тусгай элч төлөөлөгчөөр нэрлэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гадны улс орнуудад бизнесээ алдсан Холливудыг дахин хөл дээр нь босгож, урьд өмнө байгаагүйгээрээ илүү том, чадалтай, хүчтэй эргэн ирэхэд нь тэд тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх болно” хэмээн бичжээ.
Дээрх гурван жүжигчин бүгд сүүлийн үед Д.Трамптай хамтран ажиллаж, түүний сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд оролцож байсан юм. Одоогоор тэд яг ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна.
Анжелина Жоли-гийн эцэг, 86 настай жүжигчин Жон Войтын хувьд Д.Трампыг он удаан жил дэмжиж ирсэн нэгэн бөгөөд анх 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь хүртэл дэмжиж байсан бол Д.Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа буюу 2019 онд түүнд Үндэсний урлагийн одон медаль гардуулж байсан юм.
“Хатан зоригтон”, “Эх оронч” зэрэг кинонуудаараа алдартай, 69 настай жүжигчин Мэл Гибсоны хувьд өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжин, 2024 оны 10 сард зохиогдсон сонгуулийн сурталчилгааны нэгэн арга хэмжээний үеэр Трампын өрсөлдөгч Камала Харрисын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг шүүмжлэн, доромжилж байсан удаатай. Тэрээр саяхан Лос Анжелесийн түймэрт байшингаа алдсан бөгөөд Fox News сувгаар энэ түймрийг хуйвалдааны онолтой холбон ярьж байсан юм.
“Рокки”, “Рэмбо” зэрэг өндөр ашиг орлоготой, тулаант кинонуудаараа алдартай, 78 настай Сильвестер Сталлоне 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлийн үеэр Д.Трампыг дэмжин оролцож, Д.Трампыг сонгогдсоны дараа America First Policy Institute байгууллагаас зохион байгуулсан гала арга хэмжээний үеэр тэрээр Д.Трампыг “хоёр дах Жорж Вашингтон” хэмээн нэрлэж байсан юм.
Д.Трамп пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “Энэхүү авьяаслаг гурван жүжигчин миний нүд, чих болох бөгөөд би тэдний тавьсан саналуудыг ажил хэрэг болгох болно. АНУ сэргэн босч байгаатай нэгэн адил Холливудын алтан үеийг бид эргүүлэн авчрах болно” хэмээн бичжээ.
Ковидын цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш нэлээд олон үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтууд, стрийминг үйлчилгээний сөрөг нөлөө гэх зэргээр Холливудын хүндхэн жилүүд үргэлжилсээр байгаа ба хамгийн сүүлд л гэхэд Америкийн кино үйлдвэрлэлийн салбарын төв болох Холливуд байрладаг Лос Анжелес хотод ой хээрийн түймэр гарч, 250 тэрбум ам.долларын хохирлыг учруулаад байна.
Харин олон жил Америкийн кино үйлдвэрлэлийн салбарыг судлаж байгаа, Холливудын шинжээч Лукас Шо-гийн хэлснээр уналтанд ороод байгаа Америкийн кино үйлдвэрлэлийн салбарыг босгоход Трампын томилсон гурван жүжигчин ямар нэг дорвитой зүйл хийж чадна гэдэгт итгэлгүй байгаагаа хэлсэн байна.