horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Гал зогсоох гэрээ үйлчилж эхэлсний дагуу Хамас бүлэглэл барьцааны 3 эмэгтэйг, Израил 90 хоригдол суллаад байна

post-img

Ням гарагт Израил-Хамасын хооронд гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээр дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвас даяар баяр хөөр болж, орон гэрээсээ дүрвэн дайжсан палестинчууд буцаж эхлээд байна.

Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс хэдхэн минутын өмнө Хамас бүлэглэлийн зүгээс гэрээг түр хойшлуулж, 3 цаг орчмын дараагаар эхлүүлсэн нь мөн олныг нэлээд сандаргасан үйл явдал байлаа.

Орон нутгийн цагаар ням гарагийн 11:15 цагт гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд ийнхүү өнгөрсөн 15 сарын хугацаанд үргэлжилсэн дайн, тулаан зогсч, ойрын 6 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гэрээний эхний үе шатны үйл явцууд явагдаж эхлээд байна.

Тодруулбал Хамас бүлэглэлийн зүгээс барьцааны 3 эмэгтэйг суллан Израилын талд хүлээлгэн өгсөн бол үүний хариуд Израил улс Палестины 90 хоригдлыг суллаж, нутагт нь буцаагаад байна.

Хамас бүлэглэл Израилын иргэн 31 настай Дорон Стейнбрехер, 28 настай Эмили Дамари, 24 настай Роми Гонен нарыг суллан, Газын зурвас дах Улаан хавирган сар нийгэмдлэгийн ажилтнуудад өгсөн бол эдгээр 3 эмэгтэйг Израилын нийслэл Тель Авив хотын эмнэлэгт хүргэсэн, биеийн байдал нь хэвийн байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Израил-Румын гаралтай, малын эмч Дорон Стейнбрехер Киббутц Кфар Аза тосгон дах гэрээсээ олзлогдсон бол түүний хөрш, Британи-Израил гаралтай Эмили Дамариг мөн л гэрээс нь олзлон авч явсан байна. Харин Роми Гонен “Nova” хөгжмийн наадам үзэж яваад Хамас бүлэглэлийн дайчдын гарт орсон байна.

Тэднийг сулласны хариуд Израилын тал Уэст Бэнк болон Иерусалимын шоронд хоригдож байсан 90 палестинчуудыг сулласны 69 нь эмэгтэйчүүд, хамгийн бага нь 15 настай хоригдол байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Палестины хоригдлуудыг Газын зурваст хүргэх ажлыг Улаан загалмай нийгэмлэг гүйцэтгэж байгаа ажээ.

Тохиролцооны дагуу Хамасын зүгээс суллан явуулсан барьцааны 1 хүний оронд Израилын тал Палестины 30 хоригдлыг суллах ёстой учраас ийнхүү дээр дурдсан барьцааны 3 эмэгтэйгээр 90 хоригдлыг солилцлоо. Энэ удаагийн гал зогсоох гэрээний дагуу Хамас бүлэглэл 90 гаруй бүх барьцааны хүнийг суллах бол Израилын тал 2000 орчим хоригдлыг суллаж явуулах юм.

Хоёр талын барьцааны хүмүүс болон хоригдол солилцооноос гадна мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан ачааны машинууд Газын зурваст нэвтэрч эхлээд байгаа ба гэрээний дагуу өдөр бүр 600 ачааны машин оруулах юм байна.

Эргэн сануулахад Израилын засгийн газраас өнгөрсөн бямба гарагт хоёр талын хооронд гал зогсоох гэрээг албан ёсоор батласнаа зарлан мэдэгдсэнээр ийнхүү гал зогсоох гэрээ анх төлөвлөсний дагуу ням гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болсон.

Гал зогсоох гэрээний асуудлаарх Израилын засгийн газрын аюулгүй байдлын кабинетын хуралдаан өнгөрсөн баасан гарагт эхэлсэн бөгөөд санал хураалтын үеэр кабинетын 24 гишүүн дэмжиж, 8 гишүүн эсэргүүцэж, олонхийн саналаар батлагдсан байна. 

0/1000