Ням гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотын Баруун дүүргийн шүүх бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, орон нутгийн цагаар 19-ний өглөө түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг батласан бөгөөд шүүхээс Юн Сок Ёлыг сулласан тохиолдолд нотлох баримт устгаж магадгүй гэж үзсэн учраас шүүгч түүний хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчдөд ерөнхийлөгчийг дээд тал нь 20 хоногийн хугацаанд саатуулан хорьж, байцаах боломжийг олгоод байна.
Харин Юн Сок Ёлын өмгөөлөгч Юн Гап Гүн ням гарагт мэдэгдэл хийж, төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэрэг мөрдөх албаны 19-ний өдрийн 14:00 цагт төлөвлөсөн мөрдөн байцаалтад ерөнхийлөгч Юн Сок Ёлыг оролцохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэнээс гадна Юн Сок Ёлын өмгөөлөгчдийн баг Сөүлийн шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаагаа илэрхийлж, цагдан хорих үндэслэлтэй эсэхийг хянах хүсэлт гаргах зэрэг сөрөг арга хэмжээг авч магадгүй гэдгээ давхар мэдэгджээ.
Өдгөө 64 настай Юн Сок Ёлыг олон долоо хоног бүтэлгүйтсэн баривчлах ажиллагааны дараагаар энэ сарын 15-ны өдөр 3000 гаруй цагдаагийн албан хаагчийг дайчлан баривчлаад байсан бол Сөүл хотын шүүхийн шийдвэрийн дагуу ийнхүү ням гарагт түүнийг ахин баривчлаад байна.
Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарлаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх зэрэг олон хэрэгт буруутган шалгаж байгаа тусгай мөрдөх баг ийнхүү түүнийг 2-р сарын эхэн хүртэл байцаан шалгахаар боллоо.
Гэвч Юн Сок Ёл болон түүний өмгөөлөгчдийн баг ням гарагт ямар нэгэн байцаалтад оролцож, мэдүүлэг өгөхгүй хэмээн мэдэгдсэнийхээ дагуу цаашдаа ч байцаалтад оролцохгүй гэдгээ илэрхийлээд байна.
Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг эсэргүүцсэн түүний дэмжигчид мөн Сөүлийн Баруун дүүргийн шүүхийн байр луу дайран орохыг оролдож, шүүхийн байрны цонх, хаалгыг эвдэж, хэв журмын цагдаа нартай мөргөлдсөний улмаас 40 орчим цагдаагийн албан хаагч бэртэж гэмтсэн бол 45 иргэнийг хорьж саатуулах арга хэмжээг авчээ.
Юн Сок Ёлыг нийслэл хотын гадна байрлах түр хорих газар цагдан хорьж байгаа бөгөөд ерөнхийлөгч гэдэг утгаар нь дотроо ор, ширээ, сандал, суултуур зэрэг хүний үндсэн шаардлага хэрэгцээг бүрэн хангасан, 10 метр шоо дөрвөлжин талбай бүхий өрөөнд, ганцааранг нь саатуулж байгаа ажээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар мөрдөн шалгах хамтарсан баг Юн Сок Ёлыг эхний 10 өдрийн хугацаанд түүнийг байцаах бол үлдсэн хугацаанд нь прокурорууд түүнтэй ажиллах юм байна.