Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
С. Энхжин
Улстөрч болон мэргэжлийн дипломатчидын харьцаа алдагдав уу
- 2025/01/21

- 8 өдрийн өмнө

- 4 мин уншина

Дипломат албан дахь томилгоо, “сунгаа” үргэлжилж байна. Нийт 23 оронд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хугацаа дуусаад буй. Үүн дээр нэмээд Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын, Консулын болон Консулын төлөөлөгчийн газарт ч томилгоо хийх учиртай болсон. Нийт 50 орчим хүн шинээр томилох юм билээ. Үүн дээр Засгийн газрыг бүрдүүлж буй МАН, АН, ХҮН намынхан тус тусын хүмүүсээ томилуулах тохироо хийж, улмаар мэдлэг, чадвар нь хүрэлцэх, эсэхийг тооцоогүй ч албан тушаалд шунасан хүмүүс олноороо горилж байна.

2024 оны төгсгөлөөр МАН-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг Хонконг, АН-аас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан, ХҮН намаас Шадар сайдын ахлах зөвлөх З.Лхагвадорж гэх залууг БНХАУ-ын Эрээн хотын ерөнхий консулаар тус тус томилуулсан юм. Тэгвэл энэ сард УИХ-аар Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар гишүүн асан Н.Оюундарийг томилохоор дэмжлээ. Мөн АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотын дэд консул болгохоор шийдэв. Н.Оюундарь өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Харин С.Эрдэнэ орос хэлтэй, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан нэгэн. Англи хэлгүй хүнийг АНУ-д дэд консулаар томилж буйг эсэргүүцэх хүн олон байна. Чикаго хотод амьдардаг монгол иргэд түүнийг хүлээж авахыг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн сурагтай. Гэвч тэрбээр өөрийгөө уг албан тушаалд тэнцэнэ гэсэн өндөр итгэлтэй байгаа аж. Шүүмжилсэн хүмүүст “Би 35 жил АН-аа, ардчиллаа ялуулах гэж өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн. Монгол төрийн бүх сонгуульд 11 удаа нэр дэвшиж, нийслэлийн болон Баянгол дүүргийн ИТХ-д тус бүр хоёр, УИХ-д гурван удаа сонгогдож ажилласан. Төрд хийх ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирсэн” гэсэн тайлбар хийжээ. Түүний хүү, Эрх чөлөөний эвсэл намын гишүүн Э.Одбаяр Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал хийж байх зуурт ийнхүү аавыг нь АН-ын саналаар дэд консулаар томилсон хэрэг. Тиймээс “Аавыгаа дэд консул болгох тохироо хийсэн, Засгийн газрыг огцруулах жагсаал нь жүжиг” гэх мэтээр хардаж байна.

“Дипломат албан тушаалын 20-30 хувьд улстөрчид, өөр салбарынхныг томилох нь олон улсад байдаг жишиг” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдсэн.

Мөн хамтарсан Засгийн газрын зарчмын дагуу дээрх гурван намын боловсон хүчнүүдээс тодорхой хувьд нь томилох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд түүнд өгчээ. Мэргэжлийн, бэлтгэгдсэн диломатчдад нь хувь үлдээлгүй, бүгдийг нь хуваагаад хүртэх сонирхол намуудад байна. Өмнөх туршлагуудаас харахад манай улсын дипломат албаны томилгоонд улстөрчид нэлээд хувь эзэлдэг. Тэтгэвэртээ гарсан улстөрчид, сонгуульд өрсөлдөөд ялагдсан, эсвэл намаасаа нэр дэвших “виз” авч чадаагүй гомдож үлдсэн хүмүүсийг Элчин сайд, консулаар томилдог, нэг ёсондоо шагнал болгодог жишиг тогтсон. БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж буй Н.Энхболд гуай УИХ-д долоон удаа тасралтгүй сонгогдсоны эцэст сүүлчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө буюу 2024 онд дээрх албан тушаалд томилогдсон нь үүний нэг жишээ. Хэдийгээр түүний хувьд мэдлэг, туршлага гологдохгүй ч улс төрөөс тэтгэвэртээ гарч буй хүмүүсийн жишээ яах аргагүй мөн. Түүнчлэн албан тушаал л хүртэж байвал өөрөө түүнд тэнцэх, эсэх, тухайн улсад амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар юу хийхээ боддог улстөрч цөөн байх.

Нөгөө талаар энд тохиролцож, өөрийн хүмүүсээ томилж болох ч хүлээж авах улс нь эцсийн шийдвэрийг гаргадаг гэдгийг мартаж болохгүй. МАН-аас санал болгож БНХАУ-ын Хонконг хотод ерөнхий консулаар томилсон “өгзөг” Д.Одбаярыг тус улсын тал хүлээн зөвшөөрсөн гэнэ. Салбарын сайд нь энэ талаар “Нийгмийн сүлжээгээр цацагдаж буй бүх мэдээллийг туйлын үнэн гэж итгэх хэрэггүй. Бид томилгоо хийхдээ дотоодын хууль, хяналтын байгууллагаас тодруулга авдаг. Д.Одбаяр гуайн хувьд ямар нэг ял шийтгэл байгаагүй, англи, орос хэлтэй, хууль зүйн өндөр мэдлэгтэй хүн. Мөн айлын тал түүнийг хүлээн зөвшөөрсөн” гэсэн тайлбар өгчээ. Тэгвэл С.Эрдэнийг АНУ хүлээж авах, эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Тэтгэвэртээ гарч, дипломат албанд горилж буй улстөрчдийн жагсаалтыг Н.Сарангэрэл үргэлжлүүлнэ. Тэрбээр Турк эсвэл Болгарын аль нэгэнд Элчин сайдаар явахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл хэдэн сарын өмнөөс гарсан билээ. Уг нь сайд, улстөрч байсан хүмүүсийн “бэлэг” биш, Монгол Улсын гадаад бодлогыг үргэлжлүүлж, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чухал албанд мэргэжлийн хүмүүсийг түлхүү томилох ёстой. Гэвч манайд улстөрчид ба мэргэжлийн дипломатчидын томилгооны хувь нэг л эсрэгээр болоод байх шиг.

- Шинэ
- Хандалттай