Өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох Д.Трамп өнгөрсөн бямба гарагт криптовалют гаргасан нь маш богино хугацаанд нэлээд хэдэн тэрбум ам.долларын зах зээл болон хувираад байна.
Trump Organization байгууллагын харьяа, өмнө нь Трампын нэрийн гутал, сүрчиг борлуулж байсан CIC Digital ХХК-ийн зүгээс $TRUMP хэмээх койныг Д.Трампыг тангараг өргөхийн өмнө гаргасан байна.
$TRUMP койн нь “meme coin” буюу интернетээр аливаа нэгэн тренд дуулиан шуугиан тарихад ашиглагддаг төрлийн койн бөгөөд үнэ цэн багатай, эрсдэл өндөртэй, ханшийн огцом хэлбэлзэлтэй койны төрөлд багтдаг ажээ.
$TRUMP койныг гаргаснаас ердөө хэдхэн цагийн дараа Трампын койны зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 5.5 тэрбум ам.долларт хүрсэн талаар CoinMarketCap.com вебсайт мэдээлжээ.
Трампын койны 80 хувийг CIC Digital болон Fight Fight Fight ХХК-иуд хамтран эзэмшиж байгаа ба Fight Fight Fight ХХК нь өнгөрсөн сард Дэлавэйр мужид байгуулагдсан шинэ компани юм байна.
Одоогийн байдлаар 200 сая ширхэг $TRUMP койныг гаргаад байгаа бол дараагийн 3 жилд ахин 800 сая ширхэгийг гаргана гэдгийг $TRUMP койны вебсайтад мэдээлжээ. Түүнчлэн уг койныг ямарваа нэгэн байдлаар “улс төрийн сурталчилгаа, хөрөнгө оруулалтын боломж болон аюулгүй байдлын субьект” болгон ашиглах зорилгогүй гэдгийг онцолсон байна.
Шүүмжлэгчид Трампыг ерөнхийлөгчийн албаны нэр хүндээ ашиглан хөрөнгөжихийг оролдож байна хэмээн шүүмжлээд байгаа бол эсрэгээрээ криптовалютын салбарын хөрөнгө оруулагчид Трампын засаг захиргаа уг салбарыг хөгжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавин хүлээж байна.
Д.Трамп өмнө нь криптовалютад эргэлзээтэй, болгоомжтой ханддаг байсан бол өнгөрсөн жил Нэшвилль хотод зохиогдсон Bitcoin-ы бага хурлын дараагаар тэрээр “сонгуульд ялалт байгуулж, Вашингтонд буцаж очсоныхоо дараа АНУ-ыг дэлхийн криптовалютын нийслэл хот болгоно” хэмээн хэлж байсан удаатай.
Д.Трампын хүү Эрик болон Дональд Жуниор нар мөн өнгөрсөн жил өөрсдийн криптовалютыг гаргаж байжээ. Тэгвэл Д.Трампын эхнэр Меланиа мөн койн гаргаад байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь Трампын эхнэрийн $MELANIA хэмээх койны огцом өсөлт $TRUMP койны ханшид сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар $TRUMP койны ханш 60 ам.доллар, $MELANIA койны ханш 11 ам.долларын үнэтэй байна. Түүнчлэн $MELANIA койны зах зээлийн нийт үнэлгээ 1.5 тэрбум ам.долларт хүрээд байна.