horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ дах TikTok-ийн үйлчилгээ сэргэлээ

post-img

Богино хэмжээний видео бичлэг бүхий нийгмийн сүлжээний платформ болох TikTok-ийн эсрэг АНУ-ын хориг ням гарагт үйлчилж эхэлсэн бол өнөөдрөөс эхлэн тус аппликейшны үйлчилгээ АНУ-д сэргэж эхэлсэн байна.

Энэ нь өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох Д.Трампын TikTok компанийг АНУ-д үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахад баталгаа өгч, тэдний эсрэг хоригийг хойшлуулах ерөнхийлөгчийн зарлиг гаргахаар болсонтой холбоотой хэмээн TikTok-ийн зүгээс мэдэгджээ.

АНУ-ын хоригийн дагуу орон нутгийн цагаар энэ сарын 18-ны өдрийн 19:30 цагт буюу Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 11:30 цагт TikTok-ийн үйлчилгээг хаагаад байсан юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар TikTok-ийн үйлчилгээ орон нутгийн цагаар 19-ний өдрийн 09:30 минутад буюу Улаанбаатарын цагаар 20-ны өдрийн 01:30 цагт АНУ-д сэргэж эхэлсэн байна.

TikTok-ийн зүгээс гаргасан мэдэгдэлд тус компани АНУ-ын интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай тохиролцож, аппликейшн болох вебсайт зэрэг холбогдох үйлчилгээгээ сэргээж байна гэжээ. Тус мэдэгдэлд мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп интернетийн үйлчилгээ үзүүлэгчдэд шаардлагатай тайлбар болон баталгаа өгч, TikTok-ийн хэвийн ажиллагааг хангахад тусалсан хэргээр шийтгэгдэхгүй байх боломжийг олгосонд талархаж байна гээд, TikTok аппликейшныг АНУ-д ашиглах боломжтой байлгах урт хугацааны шийдлийг олохын тулд Д.Трамптай хамтран ажиллах болно гэжээ.

TikTok-ийг зөвхөн АНУ-д л гэхэд 170 сая гаруй хүн, 7 сая гаруй жижиг дунд бизнес эрхлэгч хэрэглэдэг байна. Түүнчлэн TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Чю өнөөдөр болох Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцохоор болоод байгаа билээ.

0/1000