horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп тангараг өргөж, 29 минут үг хэлэв

post-img

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн 60 дах удаагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, сонгогдсон Д.Трамп Улаанбаатарын цагаар мягмар гарагийн 01:00 цагт тангараг өргөснөөр албан ёсоор АНУ-ын 47 дах төрийн тэргүүн болж, албандаа ороод байна. Тэрээр тангараг өргөснийхөө дараагаар түүний хувьд харьцангуй бага буюу 29 минут үг хэлсэн бөгөөд үүндээ түүний өмнөх засаг захиргааны алдааг засч, Америкийн мөрөөдлийг эргэн сэргээж, олон улсын тавцан дах АНУ-ын тэргүүлэх байр суурийг буцаан авчрахаа амлаж, Америкийн “алтан эрин үе” эхэлж байгааг зарласан юм. Д.Трампын илтгэлээс голлох сэдвүүдийг хүргэе:

“Америкийн алтан эрин үе”

Д.Трамп илтгэлээ өөдрөг өнгө аясаар эхлүүлж, “Америкийн алтан эрин үе яг одоо эхэлж байна, энэ өдрөөс эхлээд манай улс хөгжин цэцэглэж, хүндлэгдэх болно” гээд, Америкийн өнөөгийн байдлыг “радикал, авлигад идэгдсэн” хэмээн тодорхойлж, дотоодын энгийн хямралын асуудлаа ч шийдэж чадахгүй хэмжээнд хүрснийг тодотгоод, “цаашдаа бусдад ашиглуулаад суугаад байж болохгүй” хэмээн хэлжээ. Мөн тэрээр АНУ “энх тайвныг эрхэмлэгч, эв найрамдал, нэгдмэл байдлыг дэмжигч” улс байх болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Эхний 100 өдөр

Д.Трамп өөрийн засаг захиргааны эхний 100 өдөр хийх “цэвэрлэгээний жагсаалт”-аа үргэлжлүүлэн танилцуулж, авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө онцлон хүргэсэн юм. Тэрээр АНУ-ын өмнөд хилд үндэсний онц байдал зарлаж (2019 онд мөн зарлаж байсан), хууль бус цагаач дүрвэгсдийг албадан гаргах ажлыг эхлүүлж, үүндээ зэвсэгт хүчинг дайчлахаа мэдэгдсэн. Түүнчлэн “Америкт хүний үг хэлэх эрх чөлөөг буцааж авчрах” ерөнхийлөгчийн тусгай зарлигт гарын үсэг зурна гэдгээ хэллээ. Үг хэлэх эрх чөлөөг боож хаасан, Засгийн газраас тогтоосон хязгаарлалтыг зогсоохоо амласан нь Трамп нийгмийн сүлжээний болон бусад томоохон технологийн компаниуд дэмжлэг үзүүлэхээ илтгэсэн явдал байлаа.

АНУ-ыг ахин агуу болгохын тулд Бурхан түүнийг аварсан

Д.Трамп илтгэлдээ мөн түүний амь насанд халдахыг оролдсон үйл явдлын талаар ярьж, “бидний үзэл бодлыг зогсоохыг санаархдаг хүмүүс миний эрх чөлөөг, амь насыг минь авахыг оролдсон, хэдхэн сарын өмнө Пеннсильванид алуурчны сум чихийг минь сэтлэсний дараа би өөрийгөө ямар нэг шалтгаантай амьд үлдсэн гэдгээ мэдэрч ойлгон, одоо хүртэл үүнд итгэсээр байгаа, АНУ-ыг ахин агуу болгохын тулд Бурхан намайг аварсан” хэмээн хэлсэн юм.

Ангараг ба Панамын суваг

Д.Трамп геополитик, газарзүй, сансарын сэдвийг хөндсөн нь зарим хүний хөх инээдийг хүргэсэн юм. Тэрээр Панамын сувгийг америкчууд барьж босгосныг онцолж, Панамын сувгийг шударга бусаар алдаж, өнөөдөр тус сувгийг эзэмшигч Панам улс биш харин Хятад улс удирдаж байгаа хэмээн хэлж, “бид Панамын сувгийг буцааж авах болно” гэжээ. Түүнчлэн Мексикийн булангийн нэрийг өөрчилж, “Америкийн булан” хэмээн шинээр нэрлэх болно гэж түүнийг хэлэхэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон инээдээ барьж дийлэлгүй, писхийтэл инээсэн юм. Трампын мөн “АНУ-ын туг далбааг Ангараг гараг дээр мандулах болно” гэж хэлэхэд хүндэт зочдын дунд байсан Элон Маскын нүүрэнд инээд тодорч, баяр хөөртэй харагдсан билээ. Шинээр байгуулагдах департаментыг удирдахаар болоод байгаа Э.Маск хүн төрөлхтөн Ангараг гарагийг колоничлох болно хэмээн нэгэнтээ хэлж байсан удаатай.

“Ухаад олборлоод бай, хонгор минь”

Д.Трамп дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч их гүрний удирдагчийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн эсрэг томоохон мэдэгдэл хийсэн. Тэрээр Америкийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бололцоог олгохын тулд үндэсний хэмжээнд эрчим хүчний онц байдал зарлахыг уриалж, сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэр хэлж байсан “ухаад олборлоод бай, хонгор минь” хэмээх үгийг дахин хэлж, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлнэ гэдгийг онцолж, улмаар АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чиглэгдсэн Парисын гэрээнээс гаргана гэдгээ цухас мэдэгдсэн бол удалгүй тэрээр АНУ-ыг Парисын гэрээнээс гаргах ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан юм.

“Эр, эм гэсэн ердөө хоёр л хүйс бий”

Д.Трампын жендерийн асуудал дээр хэлсэн үг олны анхаарлыг татаж, бэлгийн цөөнхийн дургүйцэл бухимдлыг төрүүлсэн гэж хэлж болно. Тэрээр түүний засаг захиргаа болон АНУ-ын засгийн газрын албан ёсны бодлогын дагуу ердөө эр, эм гэсэн хоёр л хүйс байх болно гэдгийг онцолж, нийгэмд арьс өнгө болон хүйсийг инженерчлэн төрөлжүүлдэг явдлыг зогсоохын төлөө бүхнийг хийж, “өнгө ялгадаггүй, мерит зарчимд суурилсан” улсыг бүтээх болно хэмээн мэдэгдсэн нь алга ташилтаар “бөмбөгдүүлсэн” билээ.

Байден, Харрис нар босч алга ташсан цорын ганц тохиолдол

Трампын илтгэлийн үеэр Бүгд найрамдах намын гишүүд, түүний гэр бүл, түүнийг дэмжигчид хэлсэн үг бүрт нь босч алга ташин, дэмжиж, хүндэтгэл үзүүлж байсан бол Ж.Байден, Камала Харрис, Хиллари Клинтон зэрэг Ардчилсан намын төлөөлөл суудалдаа суусаар байсан бөгөөд Байден, Харрис нар ганцхан удаа босч алга ташсан нь тэдний хамтдаа хийж гүйцэтгэсэн Израил-Хамасын хооронд байгуулсан гал зогсоох гэрээг Д.Трамп онцгойлон дурдсан үе байлаа. Харин Трампын илтгэлдээ огт дурдаагүй нэг сэдэв байсан нь 2021.01.06-ны өдөр Капитолын ордонд дайран орж, улмаар ял шийтгэл аван хоригдож байгаа түүнийг дэмжигчдийн асуудал байсан юм.

Make America Great Again

Д.Трампын онцолсон гол санаа нь АНУ-ын олон улсын тавцан дах байр суурийг сэргээж, “Америкийн уналтын он жилүүд дуусч байна” хэмээн хэлсэн явдал байлаа. Тэрээр бүх зүйл дээр Америк нэн тэргүүнд, Америкийн ашиг сонирхол үргэлж нэгдүгээрт явна гэдгийг онцолсны хажуугаар мөн өөрийгөө Цагаан ордонд эргэн ирж чадсан явдлыг “Америкт ямар ч зүйл боломжтой гэдгийн батлагаа боллоо” хэмээн хэлсэн юм. Мөн тэрээр өөрийн засаг захиргааны бодлого, стратегийн нарийн ширийн зүйлс гэхээсээ илүү хамтдаа нэгдмэл, хүчтэй байхыг уриалж, өргөн хүрээг хамарсан амлалт болон сэдвүүдийг хөндсөнөөр илтгэлээ өндөрлүүлсэн юм.

0/1000