В.Путин даваа гарагт ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр АНУ-ын шинэ засаг захиргааны ОХУ-тай шууд харилцаа холбоогоо эргэн сэргээх зорилготой байгаагаа илэрхийлсэн явдлыг Орос улс өндрөөр үнэлж байгаагаа хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн хоёр дах удаагаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон, тангараг өргөж, албандаа орсон Д.Трампад баяр хүргэж, Д.Трампын “ОХУ-тай харилцаа холбоогоо сэргээх” хүсэлтийг Оросын тал сайшаан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Дэлхийн III дайн гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө АНУ-ын шинэ засаг захиргааны авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудыг үнэлж байгаагаа илэрхийллээ.
В.Путин хэлэхдээ, “Бид АНУ-ын шинээр сонгодсон ерөнхийлөгч болон түүний баг хамт олны ОХУ-тай шууд харилцаа холбоогоо эргэн сэргээх санаачлагаа илэрхийлснийг үнэлж байна, хоёр улсын хоорондох шууд холбоог халаагаа өгч буй АНУ-ын засаг захиргаа тасалсан бөгөөд үүнд бидний талаас ямар ч буруу байхгүй” гэжээ.
Мөн тэрээр “Дэлхийн гуравдугаар дайнаас урьдчилан сэргийлэхийн төлөө бүхнийг хийх ёстой гэсэн шинэ засаг захиргааны мэдэгдлүүдийг бид сонсч байгаа. Мэдээж бид шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж, албанпаа орсонд баяр хүргэж, түүний энэ хандлагыг хүлээж авалгүй яахав” гээд Украины зөрчлийн асуудлаар яриа хэлэлцээ явуулах хүсэлтэй байгааг илэрхийлжээ.
В.Путин мэдэгдэлдээ “Украины дайны яриа хэлэлцээ богино хугацаагаар эвлэрэх зорилго тавих ёсгүй, мөн мөргөлдөөнийг уртасгахын тулд цэргээ дахин цуглуулж нэгтгэх, зэвсэглэх завсарлага авахад чиглэгдсэн бус, харин уг бүс нутаг дах хүн бүрийн, мөн улс орнуудын эрх ашгийг хүндэтгэсний үндсэн дээрх урт хугацааны энх тайван байх ёстой” гэдгийг тодотгосон байна.
Д.Трампын хувьд Украины дайныг өндөрлүүлэх энхийн яриа хэлэлцээг зуучлан явуулна гэсэн амлалтыг өгсөн бөгөөд мөн тангараг өргөх ёслолынхоо өмнө тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийх уулзалтыг товлоод байгаа талаараа мэдэгдсэн юм.
Орос-Украины энхийн яриа хэлэлцээний тухайд В.Путин яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгааг мэдэгдсэн ч мөн аливаа энхийн гэрээ “хөрсөн дээр буусан, бодитой үндэс суурьтай” байх ёстой гэдгийг цохон тэмдэглэж байсан юм.
Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский анх танилцуулсан энхийн гэрээний томьёололдоо ОХУ-ыг Украины бүхий л газар нутаг буюу эзлэн авч, хяналтаа тогтоосон бүх газар нутгаас цэргээ бүрэн татаж гаргах шаардлагыг тавьж байсан билээ.
Хэдийгээр Украин улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнд түргэвчилсэн байдлаар багтаан оруулах явдалд НАТО-гийн зарим гишүүн орнууд дургүйцлээ илэрхийлээд байгаа ч В.Зеленский энхийн гэрээний хамгийн гол чухал элемент бол АНУ болон барууны түнш орнуудын Украинд гаргаж өгөх аюулгүй байдлын батлагаа гэдгийг удаа дараа мэдэгдэн, шаардсаар байгаа юм.