Өнгөрсөн жил Хятадад гарсан, олон хүний аминд хүрсэн халдлагын хэргийг үйлдсэн хоёр эрэгтэйг цаазаар авсан талаар даваа гарагт тус улсын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Тус мэдээнд 2024 оны 11 сард гарсан, олон арван хүний амь насыг бүрэлгэсэн хоёр тусдаа хэргийг үйлдсэн 61 настай Фан Вэйкю болон 21 настай Шү Жиажин хэмээх хэрэгтнүүдийг цаазаар авсныг мэдээлжээ.
Фан Вэйкю өнгөрсөн оны 11 сард Хятадын өмнөд хэсгийн Жухай хотын спорт цогцолборын гадна дасгал хийж байсан олон нийтийг автомашинаар дайрч, 35 хүний аминд хүрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг гэр бүлийн хэрүүл маргаан, эхнэртээ уурласан уурандаа уг хэргийг үйлдсэн гэж мэдэгдэж байсан юм. Хэрэг гарсны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хэргийг “аймшигтай харгис хэрцгий” хэмээн тодорхойлж, тохирох чанга ял шийтгэл оноохыг холбогдох газруудад мэдэгдэж байснаас гадна “нийгмээс өшөө авах” хэмээн нэрлэдэг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээ авахыг орон нутгийн удирдлагуудад уриалсан юм.
Шү Жиажин мөн л өнгөрсөн оны 11 сард Хятадын зүүн хэсгийн Вүши хотын өөрийн сурч байсан нэгэн ерөнхий боловсролын сургуульд хутгатай халдлага хийж, халдлагын улмаас 8 хүн амиа алдаж, 17 хүн шархадсан ба цагдаагийн газраас түүнийг сургууль төгсөх шалгалтандаа унаж, сургуулиа төгсөж чадаагүйн улмаас уг хэргийг үйлдсэн хэмээн хэргийн сэдэл, шалтгааныг нь тайлбарлаж байжээ.
Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Хятадад энэ төрлийн харгис, хэрцгий аллагын гэмт хэргийн гаралт харьцангуй бага байдаг, энэ нь галт зэвсгийн хатуу чанга хууль хяналт болон нийгмийг бүхэлд нь хянаж байдагтай холбоотой. Эсрэгээрээ Хятад жилд гүйцэтгэдэг цаазын тоо хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд цаазын ялыг ихэвчлэн галт зэвсгээр гүйцэтгэдэг боловч сүүлийн жилүүдэд тариа тарьж гүйцэтгэх аргыг нэвтрүүлээд байгаа юм.
Дээрх хоёр хэрэгтэнг цаазаар авах ялыг хэргүүд гарсан Жухай болон Вүши хотуудын дунд шатны иргэний шүүхээс өнгөрсөн 12-р сард оноож, улмаар Хятадын Дээд шүүх батласнаар даваа гарагт цаазын ялыг гүйцэтгэсэн тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.