17 дугаар жарны модон могой жилийн шинийн нэгэн тасарч байгаа учир хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгоно гэж Монголын бурханы шашинтны төв Гандэнтэгчэнлин хийд болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл мэдэгдлээ.
ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн судлаач Л.Бямбажаргал: Би зурхайч хүн биш, одон оронч хүн биш. Би онолын физикч хүн. Монголын төгсбуянт зурхай бол сарны тооллыг 100 мянган жилд нэг хоног алдах, ийм өндөр нарийвчлалтай цаг тооны бичиг гэдгийг эрдэмтдийн баг судалж тогтоосон.
Манжийн эрхшээлд байсан үед төрийн үйл хэрэг шар зурхайгаар явдаг. Ард түмний үйл хэрэг төгсбуянтын зурхайгаар явдаг байсан гэх яриа буй. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж оны цолыг өөрчилж олноо өргөгдсөн болгосон, Төгсбуянтын зурхайг төрийн цаг тоолол болгосон түүх одоо ч архивын ерөнхий газар хадгалагдаж байгаа.
1944 онд шинийн нэгэн тасарч 1948 онд шинийн нэгэнд давхардаж байсан. Л.Тэрбиш гэдэг хүн зохиогоод байгаа зүйл биш тэр хүнийг төрөхөөс өмнө нь ч шинийн нэгэн тасарч байсан байх нь ээ. Иймд түүхэн талаасаа ч шинжлэх ухааны судалгаа талаасаа ч эргэлзээгүй дагаж мөрдөх зурхай бол Төгсбуянтын зурхай болж байна. Мөн ирэх 100 жилийн хугацаанд хоёр удаа шинийн нэгэн тасрах судалгаа буй гэж мэдэгдлээ.