Өнгөрсөн долоо хоногт Болливудын од жүжигчин Сайф Али Ханыг хутгалсан хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн Мумбай хотын цагдаа нар нэгэн эрэгтэйг баривчлаад байна.
Энэтхэгийн кино урлагийн салбарын томоохон одуудын нэг Сайф Али Ханы гэрт үл таних хүн дайран орж ирж, түүнийг хутгалсан дуулиант хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
Зургаан удаа хутгалуулж, халдлагад өртсөн жүжигчинг яаралтай мэс засалд оруулсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээлж байна.
Харин цагдаа нар энэ хэргийн гол сэжигтэн болох Мохаммад Шариф Ислам Шехзад гэгчийг өнгөрсөн ням гарагт Мумбай хотын захын Тане дүүргээс баривчилсан ба түүнийг Энэтхэг улсад хууль бусаар нэвтрэн орж ирж, амьдарч байсан Бангладеш улсын иргэн гэж мэдэгдсэн бол сэжигтний өмгөөлөгч няцаасан мэдэгдэл хийж, түүнийг Бангладеш улсын иргэн биш хэмээн мэдээлжээ.
Нотлох баримтуудаас харахад сэжигтэн этгээд Мумбай хотод хагас жилийн өмнө ирж суурьшин, хуурамч нэр болон бичиг баримтаар айл гэр цэвэрлэх агентлагт орж, ажиллаж байсан, түүнийг жүжигчний гэрт хулгай дээрмийн сэдэлтэй орсон хэмээн сэжиглэж байгаа талаараа Мумбай хотын цагдаагийн газраас хэвлэлд мэдээлсэн байна.
Цагдаа нар хэргийн гол сэжигтэн болох Шехзад гэгчийг баривчлахаас өмнө дээрх хэрэгтэй холбогдуулан таван хүнийг баривчилж, мэдүүлэг авсны дараагаар суллаж явуулсан байна. тэдний ихэнх нь хяналтын камерт бичигдсэн гол сэжигтэнтэй ижил царай төрхтэй байсан учраас саатуулагдсан гэнэ.
Ням гарагт Мумбай хотын шүүхээс сэжигтэн Мохаммад Шариф Ислам Шехзадыг 5 хоногийн хугацаанд хорьж, байцаах шийдвэрийг гаргасан байна.