“Man of Steel” кино, “The Witcher” телевизийн цувралын дүрүүдээрээ алдартай жүжигчин Хенри Кавилль аав болсон байна.
Superman-ий дүрээрээ алдаршсан 41 настай жүжигчин Хенри Кавилль, 35 настай түүний найз бүсгүй Натали Вискузо нарыг анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар PEOPLE сэтгүүл, The Daily Mail сонин зэрэг хэвлэлүүд мэдээлжээ.
The Daily Mail сонины өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан дугаарт шинэхэн аав, ээж хоёрын хүүхдийн тэрэг түрээд явж байгаа гэрэл зургуудыг нийтэлсэн бөгөөд тэдгээр гэрэл зургуудыг Австрали улсад авсан байна.
Жүжигчин Хенри Кавилл Австрали улсад явагдаж байгаа “Voltron” киноны зураг авалтад оролцож байгаа юм. Тэрээр 2024 оны 4-р сард найруулагч Гай Риччи-гийн “The Ministry of Ungentlemanly Warfare” киноны нээлтийн үеэр найз бүсгүйгээ давхар биетэй болсон талаар хэвлэлд ярьж, удалгүй өөрийн Instagram хуудсандаа хүүхдийн өрөө болон орны зураг оруулж, фэнүүддээ эцэг болох гэж байгаа талаараа мэдээлж байсан юм.
Түүний найз бүсгүй Натали Вискузо нь продюсер хүн бөгөөд MTV сувгийн “Scream”, Spike сувгийн “The Mist” зэрэг цувралыг продюсерлэж байжээ. Өдгөө тэрээр “Five Nights at Freddy’s”, “The LEGO Movie” зэрэг блокбастер кинонуудыг бүтээсэн Vertigo Entertainment компанийн дэд захирлын үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Х.Кавилль, Н.Вискузо нар болзож, үерхэж байгаа гэдгээ анх 2021 оны 4-р сард Instagram хуудсаараа дамжуулан зарлаж байсан түүхтэй.