horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Жагсагчид ялагдаж, Ерөнхий сайд зорилгодоо хүрэв

post-img

“Засгийн газар огцор” жагсаалыг энэ сарын 22 хүртэл хийнэ гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн билээ. Өнөөдөр тэр өдөр. Гэвч жагсаал зорилгодоо хүрсэнгүй. УИХ нь Засгийн газраа хамгаалж, тэдний эсрэг нэг ч алхам хийсэнгүй. Тиймээс Эрх чөлөөний эвсэл намынхан цаашид өлсгөлөн зарлах зэрэг өөр хэлбэрээр жагсаалаа үргэлжлүүлж мэдэх нь. Жагсаалын эхний өдөр л иргэд олноороо цуглаж эсэргүүцсэн бол үүнээс хойш эрч нь суларсаар ирэв. Тууштай тэмцэж чаддаггүй ард түмний жишээ ийм. Эцэст нь дээрх намынхан болон хамтарсан Засгийн газрыг хамгаалах, жагсаалыг үймүүлэх, зохион байгуулагчдыг гутаах зорилготой хэсэг хүн л тунаж үлдэв. Ерөнхий сайдын зүгээс энэ мэтээр будилаан үүсгэх тактик хэрэгжүүлснийг иргэд харж байна. Жагсагчид ялагдаж, харин тэр зорилгодоо хүрчээ. Гэхдээ энэ л удаа.

Утаа, түгжрэл, татвар, авлигын нэмэгдлийг эсэргүүцэж, чаддаг хүмүүст нь ажлын байраа суллаж өгөхийг дээрх намаас анхлан уриалж, иргэд дэмжсэн. Гэвч иргэд нь түүнийг ажлаа хийж чадахгүйгээ хангалттай харуулсан гэж үзэж байгааг Ерөнхий сайд үл тоов. Оронд нь утаа, түгжрэлийн эсрэг шуурхай штаб байгуулж, ажил хийж байгаа гэж харагдахыг гэнэт л хичээсэн. Жагсаал эхэлсэн өдөр эл штаб хуралдаж, баахан л мэдээлэл сонслоо. Дараа нь энэ сарын 14-нд Засгийн газар  өргөтгөсөн хуралдаан хийж, мега төслөө хэрэгжүүлэхэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас дэмжлэг хүсэв. Мөн үүгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жагсаалтай холбоотой танилцуулга хийсэн байна. Иргэд Засгийн газрыг ажлаа олигтойхон хийгээч гэж биш, хийж чадахгүйгээ харуулчихсан учир огцор л гэж шаардаад байгаа. Гэвч Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байгаа атлаа ийм энгийн шаардлагыг “Улс төрийн зорилготой, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого” хэмээн хардахдаа бол эрх баригчид гарамгай аж. Тиймээс жагсаалын “арын эзэн”-ийг тодруулж, санхүүжилтийг шалгах, гадаадын тусгай албад оролцож, “өнгөт хувьсгал” хийх гэсэн оролдлого байна уу гэдгийг нягтлахад төвлөрчээ. Уг асуудлаар хууль, хяналтын байгууллагаас ажлын хэсэг ч гараад амжиж. Эрхбиш нийгмийг бухимдуулаад байгаа асуудлуудыг эрэмбэлж, тодорхой арга хэмжээ авах тухай ярьжээ. Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг иргэд шаардаж жагсахаар яагаад ч юм “өнгөт хувьсгал” болоод байгаа юм. Харин хэдхэн жилийн өмнө тэрбээр өөрөө хэсэг гишүүний хамт жагсахдаа ингэж бодсон болов уу. Учир нь “Албан тушаалд очихгүй, ард түмнээ төлөөлөн жагсаж байна” гэсэн хүмүүс өнөөдөр Ерөнхий сайд, хотын дарга болчихоод буй. Тухайн үедээ тэд харин төрийн эрхийг авах “ажиллагаа” хийчихсэн юм биш үү. Иргэд ч бас хардах эрхтэй.

Засгийн газрыг огцруулах, эсэх эрх мэдэл УИХ-д байдаг. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор оруулах, эсвэл Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргаж, энэ бүхнийг парламентаар шийдэх хууль, эрх зүйн зохицуулалттай. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол өөрийн хүсэлтээр огцрохгүй нь тодорхой болсон. Харин ч Засгийн газраа авч үлдэх арга бүрийг хэрэглэж байна. Тэгвэл жагсагчид УИХ-ын гишүүдэд Засгийн газрыг огцруулах асуудал оруулахыг хүссэн албан бичиг өгсөн гэдгийг Эрх чөлөөний эвсэл намын нарийн бичгийн дарга Э.Одбаяр ярина лээ. Гэвч УИХ-ын гишүүдээс гагцхүү Д.Ганбат л “Иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхэд халдах юм бол Засгийн газрыг огцруулах асуудал хөндөнө” гэсэн байр суурь илэрхийлснээс хэтэрсэнгүй. Хэн ч хамтарсан Засгийн газраа огцруулахыг хүсэхгүй байна. Парламентад Үндэсний эвсэл болон ИЗНН-ын найман гишүүн л сөрөг хүчний үүрэгтэй үлдсэн. 126 гишүүн дотор найман хүн бараг нөлөө үзүүлэхгүй. Мөн Э.Одбаяр энэ талаар “Л.Оюун-Эрдэнийг авч үлдэх наймаа, тохироо хийгээд дуусаж байна. Сөрөг хүчин гэдэг Үндэсний эвсэл, ИЗНН-ынхан зарим түр хороог ахалж, Засгийн газартай хамтрахаар болжээ. Ингээд парламентад суудалтай бүх нам нэг хөнжилд орлоо. Гудамжнаас Эрх чөлөөний эвсэл нам л сөрөг хүчин хийж байна” гэжээ.

Хамтарсан Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй. Үндсэн хуулиас “Засгийн газрын нийт гишүүний дөрөвний нэг нь УИХ-ын гишүүн байна” гэсэн хязгаарлалтыг авч хаяснаар буцаад эрх мэдлийн хуваарилалт алдагдсан. Уг нь үүнээс л сэргийлж, дээрх хязгаарлалтыг хуульд оруулсан юм шүү дээ. Гэвч удалгүй буцаагаад хассаныхаа горыг одоо амсаж байна. Парламентад төлөөлөлтэй дөрвөн нам, нэг эвслээс гурав нь хамтарч Засгийн газраа байгуулсан тул 118 гишүүн бүхий “бүдүүн бүлэг”-тэй. Бүгд албан тушаал хүртсэн, эрх мэдлийн үзүүрээс атгасан, түүнийгээ тавихыг хэн ч хүсэхгүй байна. Ингээд Эрх чөлөөний эвсэл намын зорилго хэрэгжсэнгүй. Эрх мэдлээ ингэтэл хамгаалж буй хамтарсан Засгийн газар иргэдийн шаардаад буй утаа, түгжрэлийг бууруулж, татварыг нэмэх биш багасгах ёстой. Огцруулах үндэслэл болоод буй гол асуудлуудыг шийдэж чадахаа харуул. Үгүй бол үнэхээр л ийм албан тушаалд тэнцэх чадваргүй гэдгээ батлах болно. Гүйцэтгэх засаглал бол ажил хийдэг газар болохоос амиа хоохойлж, эрх мэдэлд дурлагчдын цуглаан биш.

0/1000
иргэн

Улаанбаатарын утаа, машины түгжрэл бууруулах арга хэмжээг зоригтой авч эхэлж байгаа засгийг хэн огцруулах уу эрүүл ухаантай бол.