Туркийн хойд нутгийн Болу хот дахь цанын баазын дэргэд байрладаг Гранд Картал хэмээх 12 давхар, модон хийц бүхий зочид буудалд мягмар гарагийн шөнө гал гарсны улмаас хамгийн багадаа 76 хүн амиа алдсан байна.
Дотооддоо алдартай, өвлийн амралт зугаалгын цогцолбор бүхий уг зочид буудлын хамгийн их зочид хүлээж авдаг улирал эхлээд байсан ба гал гарах үед 234 хүн зочид буудалд байжээ.
Гал гарч эхлэх үед 10 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан бол хэдхэн цагийн дотор 76 болж нэмэгдсэн талаар Туркийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Шатаж буй барилгын цонхоор үсэрч, эндсэн хүмүүс ч байгаа ажээ.
Амиа алдсан 76 хүний хэн болохыг бүрэн тогтоогоогүй байгаа ч тэдний дунд Истанбулын Fenerbahce Sports Club-н 10 настай усанд сэлэлтийн тамирчин Ведиа Нил Апак, зочид буудлын залуу тогооч Эслем Уяник, Туркийн зартай бизнесмены охин Цэрэн Яман Доан, түүний 17 настай охин Лалин, Sozcu сонины сурвалжлагч Недим Туркмен эхнэр Айсе Нева, 18 болон 22 настай хоёр хүүхдийн хамт, Озегин их сургуулийн харьяа бизнесийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, профессор Атакан Ялчин зэрэг олны танил хүмүүс байгааг эх сурвалжууд мэдээлээд байна.
Түүнчлэн түлэгдэж, бэртэж гэмтсэн 51 хүнээс 1 хүний биеийн байдал маш хүнд буюу эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол 17 хүнд анхан шатны тусламж үзүүлээд, эмнэлгээс гаргаад байгаа талаар Туркийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Зочид буудлын галыг гал сөнөөх болон онцгой байдлын албаны 267 албан хаагч 12 цагийн хугацаанд бүрэн унтраасан бөгөөд буудал шатсан хэрэгтэй холбогдуулан зочид буудлын эзэн гэх зэрэг нийт 9 хүнийг баривчилж, галын шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгааг хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдсэн байна.
Зочид буудалд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч Болу хотын захирагч Абдулазиз Айдины хэлснээр зочид буудлын 4 давхарт байрладаг ресторанд гал гарч, улмаар дээд, доод давхруудыг хамарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Түүнчлэн Болу хотын төвөөс энэхүү зочид буудалд гал сөнөөгчид, онцгой байдлын аврагчид ирэхэд бараг нэг цагийг зарцуулсан гэсэн байна.
Шатсан зочид буудал нийт 2 галын гарцтай бөгөөд зочид буудлын нэгэн ажилтны хэлснээр тэдгээр гарцаар 30-35 хүнийг барилгаас амжиж гаргасан гэжээ. Гранд Картал зочид буудал өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын шалгалтанд орж байсан ба тухай үед галын аюулгүй байдлын ямар нэгэн асуудал гарч байгаагүй талаар Туркийн аялал жуулчлалын сайд давхар мэдэгдсэн байна. Харин Туркийн инженер, архитекторуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс зочид буудалд суулгах ёстой байсан утаа, гал мэдрэгч бүхий автомат ус шүршигчийг суулгаагүй байсан тухай мэдэгдэл гаргасан байна. Түүнчлэн мэдэгдэлдээ “галын үеэр гал мэдрэгч, анхааруулах дохио зэрэг аюулгүй байдлын систем ажиллаагүй, барилгаас гарах гарцыг олоход хэцүү байсан нь харагдсан” гэжээ.
БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан зочид буудлын галд буруутай, гал гарахад хүргэсэн бүхий л хүмүүст хариуцлага тооцох болно хэмээн мэдэгдлээ. Мөн 22-ны лхагва гарагт үндэсний хэмжээнд гашуудал зарлаж, нар жаргах хүртэл Туркийн туг далбааг хагас бөхийлгөх болно гэдгийг Туркийн төрийн тэргүүн өөрийн Х хуудсандаа нийтэлсэн байна.