Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хагас жилийн хугацаа өнгөрч байна. Гэвч 2025 оны улсын төсөв өргөн барихаас эхлээд, энэ Засгийн газрыг “барцад” тойрсонгүй. Алдагдал ихтэй, үрэлгэн, дураараа төсөв өргөн барьсантай холбоотойгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг огцруулах шаардлагыг иргэд тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн танхимд утаа, түгжрэл зэрэг асуудлыг шийдэх таван сарын хугацаа байсан. Эрх чөлөөний эвсэл намаас хамтарсан Засгийн газрыг “Өнгөрсөн хугацаанд тодорхой ажил хийсэнгүй, цаашид ч хийж чадахгүй нь” гэж үзээд огцруулахыг шаардаж 12 өдөр жагслаа. Засгийн газар цахилгааны үнийг чөлөөлсөн буюу нэмсэн. Алсдаа зөв хэдий ч ойрын хугацаанд иргэдийн амьдралд энэ шийдвэр нь хүндээр тусаж буй. Мөн татвар нэмэхгүй хэмээн сонгууль бүрээр амладаг ч эсрэгээр нь хийдэг. Энэ удаа ч тэгсэн. Тиймээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байгаа иргэд эдгээр нэмэгдлийг эсэргүүцэн жагссан билээ.

Хуулийн дагуу УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс нь эсвэл Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргаж, парламент түүнийг нь хэлэлцэн шийддэг. Ерөнхий сайдын хувьд эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд чадах бүхнээ хийлээ. Засгийн газар хамгаалах элдэв арга хэмжээ авч буй тул тэр өөрийн хүсэлтээр огцрохгүй нь тодорхой байсан. Мөн УИХ-ын нэг ч гишүүн Засгийн газрыг огцруулах алхам хийсэнгүй. Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас бүгд хамгаалах талд зогсов.

Гэхдээ бүгд гэж хэлэх хэцүү. Дараагийн ээлжинд хоолонд орохыг хүссэн хүмүүс хөшигний ард сэмхэн явуулга хийж үзсэн. Өөрийгөө дараагийн Ерөнхий сайд болох хүн гэсэн мэдээлэл тараалгасан зарим улстөрчийн үйлдэл үүнийг гэрчилнэ. УИХ-ын гишүүдээс хэн нь ч албан ёсоор Засгийн газрыг огцруулах алхам хийгээгүй, тэгж зориглоогүй.

Гэхдээ С.Амарсайханаас эхлээд хүсэл бол байжээ. Жагсаалаас ч өмнө түүнийг “Ерөнхий сайд болоход тохирох хүн” гэсэн агуулгатай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм даг.

Нийгмийн сүлжээнд МАН-ын гишүүн “Ард холдингс”-ын гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас эхлээд зарим жиргээч дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай санал асуулга явуулж ч үзлээ. Үүгээр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нарын “нэр дэвшигч”-ийг тодруулсан юм. МАН үнэхээр хүний нөөцөөр дутмаг гэдэг нь эдгээр сайн дурын санал асуулгаас харагдана. Санал болгосон хүмүүсээс нь “Энэ нь арай нэр цэвэр, дөнгүүр юм даа” гэх хүн олдоогүй.

МАН-ынхан дотооддоо ийнхүү “хаалттай сунгаа” явуулсан ч Л.Оюун-Эрдэнийн хамгаалах арга хэмжээ, тохиролцоо амжилттай болжээ. Эрх чөлөөний эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр “Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хамгаалж үлдэх тохиролцоог Төрийн ордонд хийгээд дуусаж байна” хэмээн жагсаалын сүүлийн өдрүүддээ мэдэгдсэн юм. Өөрсдөө эхлүүлэх зориггүй. Тэгсэн атлаа хэсэг гишүүн нийлээд Засгийн газрыг огцруулах санал оруулсан бол үүн дээр нь дөрөөлж дараагийн алхмаа хийхийг хүссэн, Ерөнхий сайд болохыг дотроо сэмхэн горилсон хүмүүс ийнхүү гонсойж үлдэв.

АН олонх болсон үед хамтарсан Засгийн газрыг унагах амархан байдаг. Учир нь дотроо олон фракцтай, эрх ашгийн зөрчилтэй тул “Эрх мэдлээ ээлжилж хүртэх ёстой” гэсэн зарчим мөрдөж, сөрөг хүчинтэй нийлээд унагаж орхидог юм. Тэдэнд хувийн эрх ашиг нь намынхаасаа илүү чухал байдаг.

Тэгвэл 100 гаруй жилийн түүхтэй МАН энэ тал дээр эв нэгдэлтэй байж чаддаг аж.

МАН олонх болсон энэ Засгийн газарт АН, ХҮН намынхантай нийлээд 32 хүн бүрдүүлж, огцруулах санал оруулах боломж байсан уу гэвэл тийм. Гэхдээ дотоод зөрчил, талцлаа сайн нууж, тохиролцоогоо бүтэн хийж чаддаг нам аж. Тиймээс дотроосоо огцруулах санал гарсангүй. Хамтарсан Засгийн газраа олонхоороо дахин нэг удаа хамгаалж үлдлээ. Яг л алдагдалтай төсвийг үг дуугүй баталж орхисон шиг ээ. Их үнэ, хичээл зүтгэлээр Засгийн газраа хамгаалж үлдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн шаардсан асуудлуудад бодит шийдэл гаргана гэж найдаж байна. Эс тэгвэл төсвийг ч бас буцааж, хоёр удаа хэлэлцэн зассан жишээ бий. Өөрөөр хэлбэл, шаардлага хуучрахгүй, утаа, түгжрэл, татварын нэмэгдлээ шийдэхгүй бол дахин дахин л огцруулахыг хүссэн жагсаал, цуглаан болох вий.

- Шинэ
- Хандалттай