horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Юн Сок Ёл импичментийн шүүх хуралд анх удаа биечлэн оролцов

post-img

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлын импичментийн шүүх хурал мягмар гарагт Үндсэн хуулийн шүүхэд болж, Юн Сок Ёл импичментийн шүүх хуралд анх удаа биечлэн оролцоод байна.

Түүнийг саатуулан хорьж байгаа төвөөс фургон машинаар, өндөр хамгаалалтан дор Үндсэн хуулийн шүүхэд хүргэн ирж, өөрийнх нь импичментийн шүүх хуралд оролцуулсан бөгөөд тэрээр шүүх хурлын үеэр цэргийн онц байдал зарлах үедээ хууль тогтоогчдыг баривчлах тушаал өгөөгүй хэмээн хариулжээ.

Цэргийн коммандлагчдын зүгээс өнгөрсөн оны 12-р сарын 3-ны шөнө цэргийн онц байдал зарласны дараа хууль тогтоогчид Үндэсний Ассамблейн ордон руу орох гэж гаднах хашааг давж эхлэх үед Юн Сок Ёлыг тийм тушаал өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хурлын үеэр түүнээс “хууль тогтоогчдыг баривчлах тушаал өгсөн үү?” гэсэн асуултанд “үгүй” хэмээн хариулсан байна. Мөн тэрээр шүүхийн өмнө анх удаагаа хэлсэн үгэндээ “миний бие либерал ардчилалыг амьдралынхаа итгэл үнэмшил болгон баримталж ирсэн хүн, үндсэн хуулийн шүүх манай улсын үндсэн хуулийг хамгаалахын тулд оршдог тул би та бүхнээс энэ хэргийг бүх талаас нэгд нэгэнгүй нягтлан шалгахыг хүсэж байна” хэмээн шүүгчдэд хандан хэлсэн байна.

Мягмар гарагийн шүүх хурлын сонсгол хоёр цаг орчим үргэлжилжээ. Харин шүүхийн гадна Юн Сок Ёлын дэмжигчид олноороо цугларч, ерөнхийлөгчийг нэн даруй суллаж, түүний бүрэн эрхийг сэргээж, албанд нь оруулахыг шаардаж, шүүхийн байр луу орохыг оролдсон байна. Тэдний зарим нь Д.Трампын дэмжигчидтэй ижил “Make Korea Free Again” буюу “Солонгосыг ахин эрх чөлөөтэй болгоё” гэсэн үг бичиг бүхий малгай өмсөж, Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын дарга И Жэ Мюн болон Юн Сок Ёлын хэргийг шалгаж байгаа мөрдөгч нарыг цаазаар авахыг уриалан, орилж хашгирч байлаа. Тэд сөрөг хүчний намыг Хятад болон Умард Солонгосын талд ажиллаж, Өмнөд Солонгос улсыг коммунист улс болгохыг оролдсон хэмээн буруутгаж, эсрэгээрээ Юн Сок Ёл улс эх орныхоо ардчиллыг аврахын тулд цэргийн онц байдал зарласан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

23-ны пүрэв гарагт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюн шүүх хурлын сонсголд оролцох хуваарьтай байгаа бөгөөд түүнийг Юн Сок Ёлд цэргийн онц байдал зарлахыг санал болгосон гэж үзэж байгаа юм.

Хэрвээ энэхүү шүүх хурлын төгсгөлд Үндсэн хуулийн шүүхийн 8 гишүүний 6 нь дэмжсэн тохиолдолд Юн Сок Ёлыг импичментээр огцруулах ба 60 хоногийн дотор багтаан ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоон зарлах ёстой юм.

0/1000