2021 оны эхээр АНУ-ын Капитолын ордон руу дайрсан бослогыг удирдсан хэт барууны үзэлт “Proud Boys” бүлэглэлийн толгойлогч асан Хенри “Энрике” Таррио болон мөн “Oath Keepers” бүлэглэлийг үүсгэн байгуулагч Стюарт Родес нар Д.Трампын мягмар гарагт гарын үсэг зурсан өршөөлийн зарлигаар шоронгоос суллагдаад байна. Одоогоос 4 жилийн өмнө нийслэл хот дах Капитолын ордон руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэж, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж, ял шийтгэл авсан 1500 гаруй хүнд өршөөл үзүүлж, суллах зарлигт Д.Трамп тангараг өргөж, Төрийн тэргүүний албандаа орсныхоо дараа гарын үсэг зурсан юм.
Дээр дурдсан бүлэглэлийн толгойлогч нар эмх замбараагүй байдал үүсэх үед Вашингтон хотод байгаагүй ч тэднийг бүлэглэлийнхээ гишүүдэд Капитолын ордон руу дайрах зааварчилгаа өгч, Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа төлөвлөж, явуулсан гэх хэрэгт буруутгаж, Хенри Тарриод 22 жил, Стюарт Родест 18 жил хорих ял оноосон байсан юм.
Д.Трамп өршөөл үзүүлэх зарлигаас гадна дээрх хэрэг явдалд буруутгагдсан бусад сэжигтнийг шалгаж байгаа бүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг Хуульзүйн департаментад даалгах зарлигт мөн гарын үсэг зурсан байна.
Д.Трампын өршөөлд хамрагдаад байгаа ялтнуудын дийлэнх нь Вашингтон хотын шоронд жил гаруй хугацаанд хоригдсон байна. Харин Ардчилсан намынхны зүгээс 1000 гаруй хоригдлыг суллаж байгаа явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ.