horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Украины армийн ахлах сэтгэлзүйч $1 саяын авлига авсан хэргээр баригджээ

post-img

Украины армийн ахлах сэтгэлзүйчийг “хууль бусаар хөрөнгөжсөн” буюу авлигын хэрэгт буруутган баривчилсан байна. Нэрийг нь дурдаагүй тэрхүү эрхмийг 2022 оны 2-р сард ОХУ Украинд халдан довтолсноос хойш 1 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болсныг олж тогтоон ийнхүү баривчлан шалгаж эхэлсэн бөгөөд Украины Аюулгүй байдлын албаны зүгээс гаргасан мэдэгдэлд түүнийг нийслэл Киевийн орчимд нэг, Одесса хотод орон сууцтай, хоёр эзэмшил газартай, олон тооны BMW брэндийн тансаг загварын автомашинтай, мөн гэрт нь нэгжлэг шалгалт хийхэд 152 мянган ам.доллар, 34 мянган евро бэлнээр олдсоныг онцолжээ.

Түүний хэн болохыг холбогдох албаны зүгээс мэдээлээгүй ч өмнө нь Украины зэвсэгт хүчний ахлах сэтгэлзүйчээр Олег Друзь хэмээх эрхэм алба хашиж байсныг хэвлэлүүд мэдээлж байна. Украины Аюулгүй байдлын албаны мэдэгдэлд “хууль бусаар хөрөнгөжсөн” хэргээр баривчлагдаад байгаа энэхүү эрэгтэй нь цэрэг татлагын үзлэг шалгалтын комиссын гишүүнээр ажилладаг, цэрэгт татах эсэх шийдвэрийг гаргадаг байсныг, мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдаж авсан дээрх үл хөдлөх болон бусад эд хөрөнгүүдийг эхнэр, охин, хүү нар болон гуравдагч этгээдүүдийн нэр дээр бүртгүүлсэн байсныг дурдаж, түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаад байгаа ажээ.

Мөн түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зэрэг хэргээр 10 жил хорих ял өгөхөөр төлөвлөсөн байна. Дээр дурьдсан өмнө нь Украины зэвсэгт хүчний ахлах сэтгэлзүйчээр ажиллаж байсан Олег Друзь гэгч нь мөн 2017 онд үүнтэй ижил төрлийн хэрэгт буруутгагдаж байсан юм.

Украин улс нь авлигын эсрэг тэмцэл зарлаад удаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 5-р сард Украины парламентын гишүүн 220 мянган фунт стерлингийг угаасан хэрэгт буруутгагдаж байсан бол 2023 онд 30 гаруй цэрэг татлагын албаныхан авлига авсан, хүмүүст хил давж дүрвэж зугтаахад нь тусалсан хэргээр баривчлагдаж байжээ. Тэр ч бүү хэл цэрэг татлагаас зайлсхийх хүсэлтэй иргэдээс авлига авсан хэрэгт хэд хэдэн эрүүл мэндийн албаны хүмүүс буруутгагдсантай холбогдуулан өнгөрсөн жил Украины парламент зэвсэгт хүчний эрүүл мэндийн комиссын албыг татан буулгах асуудлаар мөн санал хурааж байсан билээ.

0/1000