horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Элон Маск ёсолгоог нь шүүмжилсэнд хүмүүст хариу өгсөн байна

post-img

Мягмар гарагт Д.Трампын тангараг өргөх ёслолыг тэмдэглэх үдэшлэг, цэнгүүний арга хэмжээний үеэр Элон Маскын хийсэн нэгэн үйлдэл олны шүүмжлэлийг дагуулсан. Тэрээр арга хэмжээний үеэр индэр дээр үг хэлж байхдаа баруун гараа зүрхэн тушаа газраа тавьж, улмаар баруун дээшээ өргөж, дараа нь арагшаа харан, арын эгнээний үзэгчдэд мөн ахин тийм үйлдэл хийж харуулсан нь нацист ёсолгоотой төстэй харагдсан юм. Ийнхүү нийгмийн сүлжээний орчинд түүнийг нацист ёсолгоо хийлээ хэмээн шүүмжилж эхэлсэн бол түүний хийсэн үйлдэл нацист ёсолгоо байгаагүй хэмээн түүнийг өмөөрч, өмгөөлж хамгаалах хүмүүс ч байсан.

Тэгвэл өдгөө 53 настай Элон Маск өөрийг нь шүүмжилсэн хүмүүст хариу өгч, өөрийн X хуудсандаа “Инээдтэй юм, намайг шүүмжилж, муулах аргаа олж ядаж байх шив. Хүн бүрийг “Гитлер” гэж дайрдаг наад арга чинь явахаа байсан ш дээ” хэмээн бичжээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Элон Маск мягмар гарагт Вашингтон хотын Capital One Arena цогцолборт үг хэлэх үеэрээ шүүмжлэлд өртсөн дээрх ёсолгоог хийсэн юм. Нью-Йоркийн их сургуулийн түүхийн профессор Рут Бен-Гиат хэлэхдээ “үнэхээр нацист ёсолгоо байсан” гэсэн бол семитизмын эсрэг үзэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулдаг Anti-Defamation League хэмээх байгууллагаас “Элон Маскын сэтгэл нь хөдөлсөн үедээ хийсэн гарын эвгүй хөдөлгөөн нь нацист ёсолгоо биш байсан” хэмээн Х хуудсандаа нийтэлжээ.

Швейцарийн Давос хотноо үргэлжилж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож яваа ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцоос энэ талаар сэтгүүлчид асуухад тэрээр “Европ болон Герман улсад хүний үг хэлэх эрх чөлөө хангагдсан, нээлттэй байдаг, харин бид хэт барууны үзэл баримтлал, байр суурийг л хүлээн зөвшөөрдөггүй, би үүнийг л ахин дахин хэлж ойлгуулахыг хүсэж байна” хэмээн хариулжээ.

Д.Трампын ойрын хүн болон хувирсан тэрбумтан Элон Маск шинээр байгуулагдахаар болоод байгаа Засгийн газрын бүтээмжийн департаментыг тэргүүлэхээр болоод байгаа билээ.

0/1000