horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп Украины дайныг өндөрлүүлэхгүй бол шинэ хоригтой нүүр тулна гэдгийг В.Путинд анхааруулав

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины дайныг төгсгөл болгож өндөрлүүлэхгүй бол шинэ хориг арга хэмжээ, өндөр татвартай нүүр тулах болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд анхааруулаад байна.

Д.Трамп лхагва гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрээр Украины дайныг төгсгөх шахалтыг үзүүлснээрээ өөрийгөө ОХУ болон Оросын төрийн тэргүүнд “маш том тус” хүргэж байгаа гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч “Яг одоо энэ утга учиргүй дайныхаа учрыг олж, дуусга! Нөхцөл байдал цаашдаа улам л дордох болно. Хэрвээ бид “гэрээ” байгуулахгүй бол удахгүй надад Оросын болон Оростой хамтардаг бусад улс орнуудын АНУ-д худалдаалдаг бүх бараа бүтээгдэхүүнд өндөр татвар, тариф тавьж, хориг арга хэмжээ авахаас өөр арга үлдэхгүй болох нь байна. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол хэзээ ч эхлүүлэхгүй байсан энэхүү дайныг дуусгацгаая! Бид үүнийг амар хялбар, эсвэл хүнд хэцүү арга замаар шийдэж болох ч амар хялбар арга зам л үргэлж илүү дээр байдаг. Одоо гэрээ хэлэлцээр байгуулах цаг нь ирсэн” хэмээн бичсэн байна.

Мөн тэрээр мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тун удахгүй В.Путинтай ярилцах гэж байгаа бөгөөд хэрвээ Путиныг нааштай хариу хэлэхгүй бол Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авч эхлэх асуудал яригдана гэдгийг онцолсон юм. Д.Трамп сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэр Украины дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг ганцхан хоногт шийдвэрлэнэ хэмээн удаа дараа ярьж, амлалт өгч байсан билээ.

Д.Трампын хийсэн дээрх мэдэгдэлд ОХУ хараахан ямар нэгэн хариу өгөөгүй байгаа боловч В.Путины хувьд энхийн яриа хэлэлцээ явуулахад Москва үргэлж нээлттэй бэлэн байгааг удаа дараа хэлсээр байгаа. Гэхдээ Оросын талаас Украины газар нутгийн 20 хувийг эзлэн авч, ОХУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтаан оруулахыг хүлээн зөвшөөрч, мөн Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхгүй байх гэсэн яриа хэлэлцээний үндсэн суурь зарчмуудыг шаардаж юм.

Эсрэгээрээ Киевийн зүгээс газар нутгаа Орост өгөхийг хүсэхгүй байгаа ч Украины ерөнхийлөгч В.Зеленский одоогийн байдлаар Оросын эзлэн аваад байгаа зарим газраа түр хугацаагаар өгөх шаардлага үүсэж магадгүй хүлээн зөвшөөрөөд байгаа талаар барууны хэвлэлүүд бичиж эхэлсэн байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский Давосын Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ ямар ч гэрээ хэлэлцээр байгуулсан хамгийн багадаа 200 мянган энхийг сахиулагч цэргүүдийг Украинд байршуулах зайлшгүй шаардлагатай, тэдний дунд Оросыг сөрөн зогсох батлагаа болохын тулд заавал АНУ-ын зэвсэгт хүчний төлөөллийг багтаасан байх ёстой гэдгийг онцолсон байна.

Ямартай ч Д.Трамп дайныг өндөрлүүлэх асуудлаар ийнхүү эхний мэдэгдлээ хийгээд байгаа боловч Оросын эсрэг авч хэрэгжүүлэх магадлал өндөр гэгдэж байгаа хориг арга хэмжээний талаар нарийн тайлбар хийгээгүй юм. Тэрээр АНУ-ын шинэ засаг захиргаа Украинд зэвсгийн тусламж үзүүлэх асуудлыг судалж байгаа талаар, түүнчлэн Европын орнуул Украинд дэмжлэг үзүүлэх тал дээр илүү их зүйл хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дайн эхэлсэн 2022 оноос хойш АНУ Оросын импортод олон төрлийн чанга хатуу хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Оросоос АНУ-д нийлүүлж байгаа экспортын гол бараа бүтээгдэхүүнээр фосфатын суурьтай бордоо болон цагаан алт нэрлэгдэж байна.

0/1000