Эрх чөлөөний эвсэл намаас “Засгийн газар огцор” жагсаалыг 13 өдөр хийгээд, ямар ч үр дүнд хүрэлгүй дууссан. Тэгвэл тэд тэмцлээ зогсоохгүй гэнэ. Одоо жагсагчид шаардлагаа УИХ руу хандуулжээ. Тус намаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан УИХ-ыг тараахыг шаардсан албан бичиг илгээсэн юм байна. Яагаад “бай” нь Засгийн газраас парламент руу шилжчихэв.
Тэгвэл тус намын дарга Б.Цацрал жагсаалын сүүлийн өдөр мэдээлэл хийхдээ үүний шалтгааныг тайлбарлажээ. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьж өгөөч гэж УИХ-ын гишүүдэд хандсан байсан. АН-аас 10 орчим, МАН-аас 10 гаруй гишүүн “Санал гаргавал гарын үсгээ зурахад бэлэн” гэсэн хариу өгсөн. Гэвч нэг ч гишүүн албан ёсоор энэ тухай санал гаргасангүй. Засгийн газартаа хариуцлага тооцож чаддаггүй, чадамжгүй гэдгээ УИХ харууллаа. УИХ-ын гишүүд бол бүх ард түмний төлөөлөл гэдэг. Гэвч олон мянган хүний саналыг авч сөрөг хүчин болсон Үндэсний эвсэл, ИЗЗН-ынхан хамтарсан Засгийн газрын ажлын гүйцэтгэгч алба болж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Парламент сөрөг хүчингүй болсон байна. Мөн УИХ-д иргэдийг төлөөлөх гишүүн байхгүй гэдгийг харууллаа. Улс төрчид, намууд бидний өгсөн санал, итгэл үнэмшлээр наймаалцдаг аж. Тиймээс бид өөрөө өөрсдийгөө төлөөлөх ёстой. Засгийн газрыг огцруулах санал гаргах чадамжгүй УИХ тарах ёстой” гэсэн байна.
Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг. Гэвч ард түмний төлөөлөл болсон иргэд 13 өдрийн турш Сүхбаатарын талбайд жагсаж, тодорхой шаардлага тавьсан ч хэн нь ч сонссонгүй. Тиймээс дээрх намынхан гудамжнаас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, шаардлагаа тавих гэнэ.
Гэхдээ нэг намаас шаардлага хүргүүлмэгц л парламент тарна гэж үгүй. Тэгвэл хууль, эрх зүйн хувьд УИХ ямар нөхцөлд тардаг зохицуулалттай вэ. Үндсэн хуулийн 22.2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол парламентын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн заажээ. Тэгэхээр УИХ-ын 42 гишүүн санал гаргах, эсвэл Ерөнхийлөгч асуудлыг оруулах хоёр хувилбар байдаг аж. Засгийн газраа хамгаалж, хар, цагаан дуугүй суусан парламентын гишүүд өөрсдийгөө тараах санал гаргахгүй л байх. Тиймээс л Эрх чөлөөний эвсэл намынхан бүх ард түмний саналаар сонгогдсон Ерөнхийлөгчид ханджээ.
Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар нэг алхам хийх үү гэсэн асуулт гарна. Тэрбээр албан бичгийг үл тоох уу, эсвэл “УИХ-ыг тараах үндэслэлгүй” гэх мэт дипломат тайлбар өгүүлэх үү. Хэдийгээр бүх ард түмнээс сонгогдсон ч У.Хүрэлсүх бол МАН-ын хүн. Намынх нь дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зөрчилдөх зүйл түүнд гардаг. Гэвч том эрх ашгаар нь авч үзвэл МАН олонх болсон, парламентад төлөөлөлтэй бүх намыг талдаа “элсүүлсэн”, хүссэн шийдвэрээ гаргуулж болох таатай нөхцөл бүрдсэн уг парламентыг тараах сонирхол түүнд байхгүй л болов уу. Жагсагчдын “бай” болж хувирсан УИХ, түүний гишүүд ч бас Л.Оюун-Эрдэнэ шиг өөрийгөө хамгаалах элдэв арга хэмжээ авах нь уу, эсвэл үл тоох уу. Тэдний ямар хариу үйлдэл гаргах нь удахгүй тодорхой болох биз ээ.