horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Чэжү Эйр компанийн онгоцны осолтой холбогдуулан нислэгийн талбайн ойр орчмын бетон ханануудыг нурааж өөрчлөхөөр болжээ

post-img

Өнгөрсөн 12-р сард Өмнөд Солонгосын Муан олон улсын нисэх онгоцны буудалд гарсан аймшигтай онгоцны осолтой холбогдуулан тус улсын 9 нисэх онгоцны буудлын хөөрч, газардах нислэгийг зам талбайн ойр ойрчим дах бетон хана, хаалтуудыг бүгдийг нь нурааж, өөрчлөхөөр болжээ.

Зул сарын баярын амралтаа Тайланд улсад өнгөрөөгөөд нутаг буцаж явсан 170 орчим зорчигч бүхий Чэжү Эйр компанийн Boeing B737-800 онгоц Муан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ нислэгийн талбайн төгсгөлд байсан бетон хаалтыг мөргөн дэлбэрч, шатсаны улмаас 179 хүн амиа алдсан билээ. Амиа алдсан хүмүүс 3-78 насны хооронд байсан бөгөөд ихэнх нь 40-60 настай байжээ. Ердөө хоёр хүн амьд үлдсэн нь онгоцны багийн гишүүд байсан юм.

Ослын шалтгаан өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой болоогүй, эксперт мэргэжилтнүүдийн мөрдлөг шалгалт, дүн шинжилгээ үргэлжилсээр байгаа ч мөн мэргэжилтнүүдийн хэлснээр хэрвээ тэрхүү бетон ханыг мөргөөгүй бол хохирлын хэмжээ харьцангуй бага байх байсан ажээ.

Харин “localiser” хэмээн нэрлэдэг тэдгээр бетон хана, хаалтууд нь нислэгийн зам, талбайн байршлыг тодорхойлж, онгоцыг газардахад дэмжлэг үзүүлдэг навигацын системийг байршуулсан байдаг юм. Ийм хана, хаалтууд Өмнөд Солонгосын болон гадаад улс орны өөр бусад нисэх онгоцны буудлуудад ч байдаг гэдгийг БНСУ-ын зам тээврийн яамнаас мэдээлжээ.

ХАБЭА, мэргэжлийн хяналтын албаныхан нурааж, өөрчлөх ёстой 9 ширхэг ийм бетон хана, хаалт Муан, Чэжү гэх зэрэг нисэх онгоцны буудлуудад байгааг олж тогтоосон байна. Оронд нь илүү хөнгөн материалаар дахин барьж босгох, эсвэл навигацын системийг газар доор байршуулах талаар мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа гэнэ.

Бетонон хана, хаалтыг нурааж, хөнгөн зөөлөн материалаар “амархан эвдрэх боломжтой” байдлаар хийж бүтээхээр болсноос гадна мөн үзлэг шалгалтаар 7 нисэх онгоцны буудлын нислэгийн зам талбайн илүү гарсан аюулгүй байдлын бүс заагдсан 240 метрээс богино байсныг олж тогтоож, шийдвэрлэхээр болсон байна.  

0/1000