Барууны улс орнуудын нэрээ нууцалсан албаны хүмүүсийн BBC агентлагт мэдээлснээр Оросын баруун хэсгийн Курскийн бүс нутагт дайтаж байгаа Умард Солонгосын зэвсэгт хүчин гурван сарын дотор 40 хувийн хохирол амсаад байгаа ажээ.
БНАСАУ-аас Украины эсрэг Оросын талд дайтахаар ирсэн гэгдэх 11 мянган цэргийн 4000 нь байлдааны хохирол амссан, мөн тэдний 1000 орчим нь амиа алдсан бөгөөд энэ тоо нь энэ сарын дунд хүртэл гаргасан тоо гэдгийг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна.
Шархдаж, бэртэж гэмтсэн Умард Солонгосын цэргүүдийг хаана, хэрхэн яаж анхан шатны тусламж үзүүлж, эмчилж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь ОХУ болон нэн ялангуяа холбоотон түнш БНАСАУ-ын хувьд маш том гарз хохирол гэдэг нь тодорхой юм.
Умард Солонгосын зэвсэгт хүчний “Storm Corps” хэмээх элит тусгай албаны цэргүүдийг харьцангуй бага хэмжээний бэлтгэл сургуулилалт хийлгэн, дайн тулаанд илгээж байгаа талаар мөн албаныхан мэдээллээ. Британийн армийн чөлөөндөө гарсан коммандлагч Хэмиш де Бреттон Гордоны хэлснээр орос хэл мэдэхгүй, ойлгохгүй Умард Солонгосын цэргүүдэд Оросын талаас бараг бэлтгэл сургуулилалтад хамруулахгүйгээр галын шугам руу илгээж байгаа учраас тэдэнд амьд гарах ямар ч боломж олдохгүй, амьд бамбай болон ашиглагдаж байна гэжээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр Умард Солонгосын цэргүүд орчин үеийн байлдааны зэвсэг техникийн ямар ч мэдлэг боловсролгүй, бэлтгэлгүй байгаа учраас Украины армийн FPV буюу камертай дронуудын бай болж, амиа алдаж байгаа гэсэн байна.
Гэсэн хэдий ч Умард Солонгосын цэргүүд галын шугаманд Украины армид томоохон саад бэрхшээл үзүүлж, асуудал болж байгаа гэдгийг Украины армийн коммандлагч, генерал Олександр Сырский анхааруулсан байна. Түүний хэлснээр 11-12 мянган бэлтгэгдсэн, элит түвшний цэргүүд тооны хувьд, Зөвлөлтийн үеийн тактик бүхий үзүүлж байгаа довтолгооны хувьд багагүй хүндрэл учруулж байгаа гэжээ.