horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын өмнөд нутгаар цасан шуурга болж, 4 хүн энджээ

post-img

АНУ-ын өмнөд хэсгийн нутгуудаар цас орж, шуурга шуурсны улмаас тухайн хэсгийн хурдны замууд болон нисэх онгоцны буудлуудыг хаах арга хэмжээг авахад хүрсэн байна. Түүнчлэн баруун өмнөд хэсгийн Луизиана мужийн түүхэнд анх удаагаа цасан шуурганы анхааруулга мэдээг өгөхөд хүрчээ.

Миссиссиппи, Алабама, Жоржиа, Милуоки, Өмнөд Каролина, Луизиана, Техас зэрэг мужуудад цас орж, огцом хүйтэрсэн бөгөөд агаарын хэм огцом буурсантай холбоотойгоор 4 хүн хөлдөж амиа алдсаны хоёр нь Техас мужийн Остин хотод, өөр хоёр тохиолдол Жоржиа болон Милуоки мужуудад тус тус бүртгэгдсэн байна. Мөн дээр дурдагдсан мужуудад байгалийн гамшгийн онц байдал зарлажээ. Дулаан цаг агаартай мужийн амбан захирагч нарын хувьд мөн урьд өмнө ийм нөхцөл байдалтай учирч байгаагүй тул нөхцөл байдал хүнд хэцүү байгаа талаараа тодотгоод байна.

Хүйтний эрч нэмэгдэж, цасан шуурга шуурсаны улмаас мягмар гарагт АНУ-ын хэмжээнд 2200 гаруй нислэг цуцлагдсан бол 3000 гаруй нислэг хойшлогдсон талаар Flight Aware вебсайт мэдээлжээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын албаны зүгээс их хэмжээний цас орох тул оршин суугчдыг онцын шаардлагагүй тохиолдолд аялахгүй, гадуур гарахгүй байхыг анхааруулсан байна. Мягмар гарагт Луизиана мужийн Рэйн хотод 26.67 см өндөр цас орж, өмнөд нутагт орсон цасны дээд хэмжээг тогтоосныг мөн тус байгууллагаас мэдээлжээ.

Хүйтний эрч огцом чангарсан энэхүү цаг агаарын нөхцөл байдал АНУ-ын өмнөд болон зүүн хэсгийн нийт 200 сая орчим хүнтэй мужуудын нутгийг дайран өнгөрч байна. Агаарын хэм огцом буурч, хүйтэрсэний улмаас сургууль, цэцэрлэгүүдийг хааж, оршин суугчдыг аль болох гэртээ байхыг анхааруулж байна. Түүнчлэн Үндэсний цаг уурын албанаас цас болон цасан шуурга үргэлжлэх тул ойрын хэдэн өдрүүдэд агаарын болон газрын тээврийн сүлжээнд “улс орон даяар” саатал үүснэ гэдгийг анхааруулсан байна.

0/1000