Даваа гарагт Д.Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орсноос хэдхэн цагийн дараагаар ОХУ, БНХАУ-ын удирдагчид видео хуралдаан хэмээх форматын дагуу буюу дүрстэй холбогдож ярилцсан байна. Ши Жиньпин, В.Путин нар энэ үеэрээ хоёр талын харилцаа холбоог “агуу өндөрлөгт” хүргэх амлалтыг өгсөн талаар хоёр улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
В.Путин Хятадын удирдагчийг “хүндэт анд нөхөр” хэмээн дуудаж, Орос, Хятад улсууд гаднаас ирэх дарамт шахалтаас үл хамааран “хамтын нөхөрлөл, итгэлцэл, дэмжлэг дээр суурилсан” хоёр талын харилцааг хөгжүүлж байгааг онцолжээ.
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгчид хандан “хоёр талын стратегийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоорондын харилцан дэмжлэг туслалцааг бэхжүүлж, хууль ёсны ашиг сонирхлуудаа хамгаалахыг” уриалсан байна.
Д.Трамп мягмар гарагт дээрх хоёр улсуудын эсрэг татвар нэмэгдүүлэх арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн шинжтэй мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр АНУ-д фентанил гэх зэрэг мансууруулах бодис экспортолж байгаа Хятадын эсрэг татвар нэмнэ гэсэн бол Украины дайныг өндөрлүүлэх гэрээ хэлэлцээр байгуулахгүй тохиолдолд ОХУ-ын эсрэг шинэ хатуу чанга хориг арга хэмжээ авах болно гэсэн ажээ.
Харин В.Путин БНХАУ-ын даргатай ярилцах үеэрээ Украины энхийн тохиролцоо нь “Оросын ашиг сонирхлыг хүндэтгэж үзсэн байх ёстой” гээд, “хэрвээ Трампын баг сонирхлоо илэрхийлж, улмаар харилцан ашигтай, нэг нэгнээ хүндэтгэсэн үндэс суурийг тавьсан тохиолдолд Орос болон Хятад улсууд АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад болдлогын зөвлөх Юрий Ушаков хэвлэлд мэдээлжээ. Ю.Ушаков мөн хоёр төрийн тэргүүн нарын энэ удаагийн видео хуралдаан нь Д.Трампын тангараг өргөх ёслолтой ямар нэгэн байдлаар холбоогүй, хуваарьт хуралдаан байсан гэдгийг онцолж байна.
В.Путин, Ши Жиньпин нарын хуралдаан нэг цаг хагасын хугацаанд үргэлжилж, энэ үеэр тэд Ойрхи Дорнод, Өмнөд Солонгос, Тайваньд өрнөж байгаа нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Д.Трамптай утсаар холбогдож, хоёр талын худалдаа, фентанил, TikTok зэрэг олон асуудлаар ярилцсан бөгөөд Д.Трамп дээрх яриаг хоёр улсын хувьд “маш чухал, сайн яриа” болсон хэмээн тодорхойлсон юм. Харин В.Путины хувьд Д.Трамптай хараахан холбогдож ярилцаагүй байгаа ч Оросын төрийн телевизээр дамжуулан Д.Трампад баяр хүргэсэн билээ.
Украины зөрчилдөөнд Оросын талын цэрэг, зэвсгийн санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа хэрэгт Бээжин буруутгагдсаар ирсэн. Орос, Хятадын худалдааны хэмжээ 2023 онд 240 тэрбум ам.долларт хүрч, шинэ дээд хэмжээ тогтоосон нь Украины дайн гарахаас өмнөх буюу 2021 оны хоёр талын худалдааны хэмжээнээс даруй 64 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байсан юм.