АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус улсын түүхэн дэх хамгийн дуулиан шуугиан бүхий Жон Ф.Кеннеди, Роберт Ф.Кеннеди, Мартин Лютер Кинг нарын аллагын хэргийн материалуудыг нууцын зэрэглэлээс гаргах тушаалд гарын үзэг зурсан байна.
Д.Трамп “маш олон хүмүүс үүнийг олон арван жилээр хүлээсээр байгаа, одоо бүгдийг илчлэх болно” хэмээн пүрэв гарагт Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчдэд хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жон Фитцжеральд Кеннеди 1963 онд буудуулан амиа алдаж байсан бол түүний дүү Роберт Фитцжеральд Кеннеди 1968 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа алуулсан бол түүнийг амиа алдахаас хоёр сарын өмнө Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг Теннесси мужийн Мемфис хотноо буудуулан нас барж байсан билээ.
Тэр цаг үеэс хойш эдгээр цуутай аллагын хэргүүдийн мөрдлөгийн баримт, материалууд хэсэгчлэн задарч, олон нийтэд ил болсоор ирсэн боловч нууцын зэрэглэлтэй олон мянган материалууд одоог хүртэл хадгалагдсаар байдаг юм. Ялангуяа ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагын хэргийн материалууд нууцын зэрэглэлтэй хадгалагдсаар ирсэн. Түүнийг буудан хөнөөсөн алуурчинг Ли Харви Освальд хэмээн тогтоосон байдаг ч ерөнхийлөгчийн аллагын хэрэгт засгийн газрын агентууд, мафи болон бусад ашиг сонирхол бүхий тоглогчид оролцсон гэх хуйвалдааны онолын батлагдаагүй таамаглалууд олон байдаг.
Д.Трамп дээрх тушаалд гарын үсэг зурахдаа өөрийнхөө Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн даргын албанд сонгон нэр дэвшүүлсэн Бага Роберт Ф.Кеннедигээс үзгийг нь авч бичсэн нь бэлгэдлийн чанартай үйлдэл байсан юм. Бага Роберт Ф.Кеннеди бол дээр дурдсан аллагын хохирогч болсон Роберт Кеннедигийн хүү, ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн бүл дүү билээ.
Д.Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Жон Кеннедигийн аллагын хэргийн бүх материалыг нууцын зэрэглэлээс гаргах амлалтыг өгч байсан ч Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчооны зүгээс зарим материалуудыг нууц байлгахыг ятгаж, түүнийг болиулж байсан юм.