horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп Давосын чуулганд үг хэлэхдээ Европыг татварын нэмэгдлээр сүрдүүлжээ

post-img

Энэ долоо хоногт зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дүрстэй холбогдож, үг хэлсэн байна. Энэ нь тангараг өргөж, Цагаан ордонд буцаж ирсэн Д.Трампын олон улсад хандаж хийсэн анхны томоохон мэдэгдэл байлаа.

Д.Трамп пүрэв гарагт Давосын чуулганд хэлсэн үгэндээ түүний хоёр дах бүрэн эрхийн хугацаанд олон улсын худалдаа, батлан хамгаалах, аюулгүй байдал, дипломат ажиллагааны салбар дах байр суурь хатуу байх болно гэдгийг онцолжээ.

Тэрээр НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын төсвөө ДНБ-ий 5 хувьд хүргэн нэмэгдүүлж, АНУ-д үйлдвэрлэл явуулдаггүй Европын компаниудын эсрэг татвар, тарифын хэмжээг нэмнэ гэдгийг анхааруулсан байна. Мөн тэрээр газрын тосны үнийг буулгах нь Украины дайныг өндөрлүүлэх боломжийг бий болгоно гэсэн өөрийн санал санаачлагыг онцолжээ.

Түүний Европт хандан хийсэн энэхүү мэдэгдэл нь “Америк нэгдүгээрт” хэмээх анхны бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлж байсан бодлого төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх дохио болж, улмаар АНУ-ЕХ хооронд шинэ худалдааны зөрчил үүсэж болзошгүй гэдгийг харууллаа хэмээн ажиглагчид тодотгож байна.

Д.Трамп Америкт үйлдвэрлэлээ явуулах компаниудад 21 хувийн татварыг 15 хувь болгон бууруулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээ онцлохын сацуу ЕХ-ны дүрэм журам нь хөрөнгө оруулалтад саад гацаа болж байгааг шүүмжилж, мөн ЕХ-ны худалдааны бодлого нь Америкийн бараа бүтээгдэхүүнд ялгавартай, шударга бус хандаж байгаа хэмээн буруутгажээ.

Үргэлжлээд тэрээр НАТО руу чиглэж, НАТО-гийн гишүүн орнуудыг батлан хамгаалах салбарын төсвөө ДНБ-ий 5 хувьд хүргэж нэмэгдүүлэхийг уриалж, гишүүн орнуудын ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахын төсөвт зарцуулна гэсэн хувь хэмжээг хангалтгүй хэмээн тодорхойлжээ.

Давост хэлсэн Трампын хамгийн маргаан дагуулсан үг бол Украины дайныг газрын тосны үнэтэй холбосон үг байлаа. “Хэрвээ газрын тосны үнэ буурвал Орос-Украины дайн төдөлгүй өндөрлөх болно, учир нь эрчим хүчний салбараас олж байгаа ашиг орлого нь Москваг цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тус дэм болж байгаа” хэмээн Д.Трамп өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр Саудын Араб болон ОПЕК-ийг газрын тосны үнэ ханшаа буулгахад нь дарамт шахалт үзүүлэхээ амлаж, Европт өрнөж байгаа дайн байлдаан, зөрчилдөөнийг цэрэг зэвсгийн тусламжаар биш, эдийн засгийн арга хэмжээгээр өндөрлүүлэх саналыг тавьсан байна. Д.Трамп мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй ойрын үед уулзах боломж бүрдэж байгаа ба түүнтэй уулзаж энэ дайныг төгсгөх цаг нь ирсэн гэдгийг онцолж, Украин улс гэрээ хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа гэжээ.

Ажиглагч, шинжээчид Трампын Давост хэлсэн үгийг түүний анхны бүрэн эрхийн үеийн хэв маягтайгаа ижил шууд шулуун, сүрийг үзүүлж далайлгасан, бусдын эрх ашгийг үл тоомсорлож дан ганц Америкийн ашиг сонирхолд чиглэсэн шинжтэй байсан талаарх дүгнэлтийг хийжээ. Хэдийгээр түүний эхний бүрэн эрхийн хугацаанаас хойш дэлхий ертөнц өөрчлөгдөж, Европ худалдааны шинэ түншүүдтэй болж, НАТО нэгдмэл байдлаа улам бэхжүүлж, Украины дайн Европын аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлийг өөрчилсөн боловч Трампын хэлсэн үг Европын удирдагчдад анхааруулга болон сануулгыг зэрэг өгөөд байна. Трамп Европт түүний шинэ эрин үе ирснийг, түүнтэй хамтарч ажиллахад өмнөх шигээ байхгүй гэдгийг санууллаа.

0/1000